top of page

“Хүүхэд хамгаалал, хамтын ажиллагаа" сургалт, хэлэлцүүлэг боллоо

  • Apr 16
  • 1 min read

Салбар хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог бэхжүүлэх, хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэргийг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах зорилго бүхий “Хүүхэд хамгаалал – хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг /2026.04.10/ Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгууллаа. Тус сургалт, хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан оролцож, Хүүхэд хамгаалал-хамтын ажиллагаа, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхдийн эрхийн асуудал сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зарчмууд болон хүүхдээс мэдүүлэг авах орчин, нөхцөлийг сайжруулах, нэг удаа мэдүүлэг авах, дуу, дүрсний бичлэг ашиглах, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар санал, зөвлөмжийг танилцуулсан.  

Ташрамд дурдахад Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн бөгөөд илтгэлийн мөрөөр УИХ-ын 2025 оны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 77 дугаар тогтоолыг баталж, “насанд хүрээгүй хохирогчтой ярилцлага хийх, тайлбар, мэдүүлэг авах ажиллагааг цагдаагийн байгууллагын байрнаас өөр газарт буюу хүүхдийн насны онцлогт тохирсон, хүүхдэд аюулгүй, ээлтэй, хүртээмжтэй орчинд мэргэшсэн сэтгэл зүйч, эсхүл нийгмийн ажилтантай ярилцлага хийх хэлбэрээр нэг удаа, шуурхай явуулах бөгөөд дуу, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж нотлох баримтад тооцдог байх, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч заавал өмгөөлөгчтэй оролцдог байх асуудлаар холбогдох эрх зүйн зохицуулалт бий болгох” үүргийг Засгийн газарт өгсөн болно.   

Сургалтад Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газар, цагдаагийн байгууллагын алба хаагчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцов.

Эх сурвалж: ХЭҮК

Comments


bottom of page