top of page

Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний сонгон шалгаруулалт явагдаж байна

Sep 25
1 min read

Монгол Улсын Их Хурлаас 2026 оны долдугаар сарын 3-ны өдөр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Тус хууль 2026 оны арваннэгдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх болон холбогдох бусад шүүхэд ажиллах “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-ийг сонгон шалгаруулж байна.

Сонгон шалгаруулалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрахаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа бөгөөд нийт 95 иргэн хүсэлт, баримт материалаа ирүүлсэн байна. Баримт материалыг нягтлан шалгасны үндсэн дээр 57 иргэнтэй энэ оны есдүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд биечлэн болон цахим хэлбэрээр уулзалт зохион байгуулжээ.

Шаардлага хангасан иргэдий 10-р сарын долооноос 23-ны өдрүүдэд хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний суурь чадамж олгох сургалтад хамруулах юм. Сургалтад хамрагдсан иргэдээс гэр бүл, хүүхдийн хэргийн мэргэжилтнээр ажиллах мэдлэг, ур чадвартай эсэхийг дүгнэснээр сонгон шалгаруулалт дуусах аж.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн мэргэжилтнүүдийг 2026 оны арваннэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг" төслийн хүрээнд нөхцөл байдлыг шинжлэн судлах, тайлан боловсруулах арга зүйн сургалтад хамруулах аж.

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, чиг үүрэг болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг тусгайлан зохицуулсан байна.

Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүд нь гэр бүлийн маргааны үед хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн болон нийгмийн хамгааллын дэмжлэг үзүүлэхээс гадна хүүхэд, өсвөр насны хүн холбогдсон эрүүгийн хэрэгт нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөлийг судлах чиглэлээр ажиллана.

Ингэснээр хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийн мэргэшил, чадамжийг дээшлүүлж, хүүхдийн ашиг сонирхлыг бодитоор хамгаалах нөхцөл бүрдэх аж.

Comments


bottom of page