top of page

"Хүүхэд бүр ялагч, Хүүхэд бүр хамгаалагч" хүүхдийн марафонд 4215 хүүхэд оролцлоо

  • Jun 2
  • 1 min read

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, ХГБХХЕГ, Child.mn /Хүүхэд.мн/ сайт болон холбогдох байгууллагууд хамтран “Хүүхэд бүр ялагч, Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг тавдугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Хүүхдийн эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх зорилготой тус марафонд 6–18 насны 4215 хүүхэд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оролцоог хангах, тэгш боломжийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, тэдний хэрэгцээ, онцлогт нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлэн ажилласан юм. “Хүүхэд бүр ялагч, Хүүхэд бүр хамгаалагч” уриатай энэхүү марафон нь оролцсон хүүхэд бүрийг батламжаар урамшуулдгаараа онцлогтой.

Марафоны үеэр хүүхэд багачууд мэргэжлийн гэрэл зурагчнаар зургаа даруулах, нүүр хувиргалт хийлгэх, үлгэрийн баатруудтай гэрэл зураг татуулан дурсамж бүтээх, “Хүслийн хайрцаг”-т хүсэл мөрөөдлөө үлдээх зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд оролцлоо. Мөн авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүүхдүүд өөрсдийн үзэл бодол, хүсэл мөрөөдөл, нийгэмд хүргэхийг хүссэн санаагаа футболкон дээр зураг, дүрслэлээр илэрхийлсэн “Ярьдаг футболк” өдөрлөг, “The Open Mic” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Хүүхдийн төлөө мэдээлнэ уриатай Child.mn /Хүүхэд.мн/ сайт тус марафоныг гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж, үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэлээ. Түүнчлэн өөрийн асар дээр “Хүүхдээ сонсьё” нээлттэй микрофоныг ажиллуулж, хүүхэд багачуудын үзэл бодол, сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ өөрсдийн авьяас чадвараа олон нийтэд танилцуулах боломжийг бүрдүүлэн ажиллав.

Энэ жилийн марафон зөвхөн нийслэл хотод төдийгүй улсын хэмжээнд 17 аймагт зэрэг зохион байгуулагдсан юм.

Арга хэмжээг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв, ХГБХХЕГ, Child.mn сайт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Good neighbors Mongolia, Sarayui Institute, World Vision Mongolia, Найрамдал олон улсын хүүхдийн төв, МСЭЛ ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, хүүхдийн эрх, хамгаалал, хөгжил, оролцоог дэмжин ажиллалаа.

Comments


bottom of page