top of page

Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүй хөтөлбөрийн хоёр дахь сургалт боллоо

  • Apr 13
  • 2 min read

Хүүхдийн эрхээр дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн хэвлэл мэдээллийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй хүүхдийн эрхтэй холбоотой мэдээ, сурвалжилга бэлтгэж, бүтээл туурвих зорилготой сэтгүүлч, зураглаач, гэрэл зургийн сурвалжлагчдыг мэргэшүүлэх "Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүй" хөтөлбөрийн хоёр дахь сургалт НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс дахь хүүхдийн чиглэлээр ажиллаж буй олон улсын томоохон байгууллагуудын нэг болох НҮБ-ын Хүүхдийн Сангаас мэдээлэл өгөв. НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдээлэл харилцааны ахлах мэргэжилтэн Д.Ариунзаяа "НҮБ-ын Хүүхдийн Сан нь эрүүл мэнд, хөгжил, хоол тэжээл, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, хүүхэд хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт болон ус, ариун цэвэр, эрүүл ахуй, нийгмийн бодлого, онцгой байдал, өсвөр үе, оролцоо, судалгаа үнэлгээ гэсэн чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн 2025 оноос хойш Сургуулийн үдийн хоол болон дотуур байрны хоолны өртөг тооцох судалгаа, Гэр бүл, төрөлт болон хүн ам зүйн чиглэлээр хийгдсэн судалгаа зэрэг найман төрлийн судалгааг эхлүүлж, хийж байгаа" гэлээ.

Үүний дараа Монгол Улс дахь цор ганц хүүхдийн эрхээр дагнан ажиллаж буй Child.mn/Хүүхэд.мн хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хүүхдийн эрхийн сэтгүүлч А.Уянга "Хүүхдийн эрхийн талаар мэдээ, сурвалжилга бэлтгэх үндсэн зарчим ба асуудлын суурь шалтгааныг зөв олох нь" агуулгаар хичээл заалаа.


Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Нийгмийн бодлогын ахлагч Б.Мөнхтуул "Хүүхдэд чиглэсэн төрийн санхүүжилт" сэдвээр хичээл орлоо. Хүүхдэд чиглэсэн төсөв, санхүүгийн асуудлаар Засгийн газартай хамтран ажиллах нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн үндсэн үүргийн нэг хэсэг аж.

Түүнчлэн Монголын Залуучуудын Эвсэл ТББ-ын Төсвийн хөтөлбөрийн зөвлөх З.Энхбаяр "Хүүхдийг төсвийг мөшгөх нь" сэдвээр төсвийг боловсруулах, батлах явцад хэзээ нь бид оролцох, саналаа өгөх боломжтой байдаг, дагнасан сэдвээр төсөв мөшгөхдөө анхаарах зүйлсийн талаар хичээл орлоо.

Тус хөтөлбөрт хамрагдах 50 орчим хүсэлт ирснээс 20 оролцогчийг шалгаруулан, дөрвөн долоо хоногийн турш хүүхдийн эрхтэй холбоотой салбар бүрийн мэдээллийг гүнзгий судлахад чиглэсэн агуулгаар хичээлүүд орж, мэргэшүүлж байна. Улмаар хөтөлбөрийн төгсөгчдөд мэргэших сургалтад хамрагдсан батламж гардуулах юм.

Comments


bottom of page