top of page

Хүүхдэд ээлтэй мэдүүлэг авах аргачлал нутагшуулах хэлэлцүүлэг болов

  • 6 days ago
  • 2 min read

Хүний эрхийн Үндэсний Комисс, Азийн сан, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг болон бусад төрлийн хүнд гэмт хэргийн хохирогч, гэрч болсон хүүхдээс хүүхдэд ээлтэй, хохирогч төвтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар ярилцлага, мэдүүлэг авах олон улсын сайн туршлага болох форензик ярилцлагын аргачлалыг Монгол Улсад нутагшуулах асуудлаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн доктор Б.Энхболд үг хэлэхдээ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болсон хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг хөндөн тусгаж, насанд хүрээгүй хохирогчоос тайлбар, мэдүүлэг авах ажиллагааг хүүхдэд ээлтэй орчинд, мэргэшсэн мэргэжилтний оролцоотойгоор явуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай талаар санал дэвшүүлснийг онцоллоо.

Тэрээр мөн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг Улсын Их Хурал хэлэлцэн, 2025 оны 77 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт насанд хүрээгүй хохирогчтой ярилцлага хийх, тайлбар, мэдүүлэг авах ажиллагааг хүүхдийн насны онцлогт тохирсон, аюулгүй, ээлтэй, хүртээмжтэй орчинд мэргэшсэн сэтгэл зүйч эсхүл нийгмийн ажилтны оролцоотойгоор нэг удаа, шуурхай явуулах, дуу, дүрсний бичлэгээр баримтжуулан нотлох баримтад тооцох, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийг заавал өмгөөлөгчтэй оролцуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг Засгийн газарт даалгасныг дурдав.

Хэлэлцүүлгийн үеэр “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн захирал Б.Цогбаяр төслийн танилцуулгыг хийж, төслийн зорилго, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Төслийн зохицуулагч Х.Онон форензик ярилцлагын аргачлалын олон улсын туршлага, хууль эрх зүйн орчин, институтийн зохион байгуулалт, хүний нөөцийн тогтолцооны талаар илтгэл тавьж танилцуулав.

Хэлэлцүүлгийн үр дүнд форензик ярилцлагын аргачлалыг Монгол Улсад үе шаттайгаар нэвтрүүлэх, холбогдох хууль тогтоомж, журамд шаардлагатай өөрчлөлт оруулах, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал, зөвлөмж боловсруулах юм.


Эх сурвалж: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

Comments


bottom of page