Хүүхдийн эрхийн мэргэшсэн сэтгүүлч, зураглаач, гэрэл зургийн сурвалжлагч бэлтгэх хөтөлбөр зарлалаа
- 2 hours ago
- 1 min read

Хүүхдэд ээлтэй сэтгүүлзүй арга хэмжээний хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар болон хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажиллаж буй Child.mn/Хүүхэд.мн сайтаас санаачлан “Хүүхдэд ээлтэй сэтгүүлзүй” хүүхдийн эрхийн мэргэшсэн сэтгүүлч, зураглаач, гэрэл зургийн сурвалжлагч бэлтгэх дөрвөн долоо хоногийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
2025 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 389 хэвлэл мэдээллийн байгууллагад 4000 орчим хүн ажиллаж байна. Сэтгүүлзүйн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хувьд аль нэг салбар, сэдвээр дагнан ажиллаж байгаа нь цөөн. Ихэнх редакцуудын хувьд бүх салбар дахь асуудал, сэдвийг хөөн сурвалжлах хэрэгцээ үүсдэг. Тиймээс хамгийн их мэдрэмж, мэдлэг хослуулан ажиллах шаардлагатай хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажиллах хүсэлтэй сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчдыг мэргэшүүлэх зорилготой “Хүүхдэд ээлтэй сэтгүүлзүй” 4 долоо хоногийн хөтөлбөрийг эхлүүлэхээр боллоо. Хүүхдийн асуудлаар мэдрэмжтэй, үр дүнтэй мэдээлж, сурвалжилдаг уран бүтээлчдийн тоог нэмэх тус хөтөлбөрийн гол зорилго юм.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэн, батламж гардуулахаас гадна сэтгүүлзүйн болон эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийн уралдаан зарлана. Түүнчлэн хөтөлбөрт оролцогчид өөрсдийн ажиллаж буй редакцадаа мөрдөх хүүхдийн эрхийн зөрчихгүйгээр сэтгүүлзүйн үйл ажиллагаа явуулах ёс зүйн зарчмыг боловсруулна.
Оролцогчид:Сэтгүүлч, зураглаач, гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй цөөн тооны оюутан
Хугацаа: Нэг сар /Долоо хоног бүрийн бямба гарагт/
Шаардлага: Хөтөлбөрийн туршид 7 хоног бүрийн бямба гарагт сургалт, дадлага хичээлд хамрагдах боломжтой байх. Хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшин ажиллах сонирхол төлөвлөгөөтэй байх.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/G2vg745BjuwGMxD36



Comments