Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд Монголын хүүхдийн ордон, Урлан бүтээх төвд ажиллав
- 2 minutes ago
- 3 min read

Хүүхдийн төлөө зөвлөлийн өмнөх хурлаас гарсан шийдвэрийн дагуу НЗДТГ-ын хуучин ногоон барилгыг Хүүхдийн ордон 2 болгон ашиглахаар болсон билээ. Үүнтэй холбоотойгоор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан, ХТҮЗ-ийн гишүүн МУ-ын гавьяат багш Ч.Цэрэндулам, Монгол Улсын Ерөнхий сайдын Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан зөвлөх Д.Ундраа-Үжин, МЗХ-ны ерөнхийлөгч Д.Түвшин, Child.mn/Хүүхэд.мн сайтын захирал, хүүхдийн эрхийн сэтгүүлч А.Уянга, Монголын Хүүхдийн Зөвлөлийн тэргүүн Б.Дашням, Дүдү машины санаачлагч, зохион бүтээгч Д.Мөнхтулга, Б.Пүрэвсүрэн нар Монголын хүүхдийн ордон болон Урлан бүтээх төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн маргааш буюу 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагватай уулзаж, Нийслэл хот дахь хүүхэд хөгжил, хамгааллын асуудал болон Нийслэлийн харьяа үйл ажиллагаа явуулж буй Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв бусад холбогдох асуудлаар санал солилцоно.
Монголын хүүхдийн ордон 24 төрлийн 34 дугуйлан ажиллуулдаг. 109 ажилтантай. Үүнээс 62 нь багш нар. 2024 онд 4 тэрбумын төсөвтэй байсан бөгөөд үүнээс 992 саяыг төсөвт орлого болгон төвлөрүүлжээ. Улмаар 2025 онд 5.1 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бөгөөд 1.2 тэрбум орчим төгрөгийг мөн л төсөвт орлого болгон төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл 2025 онд төсөвт төвлөрүүлэх орлогоо 626 сая төгрөгийг давуулжээ. Тоо харахад энэ нь эерэг үзүүлэлт мэт боловч хүүхдийн байгууллага өөрөө төсөвт орлого төвлөрүүлэх нэрээр үндсэн үйл ажиллагаанаасаа өөр төрлийн арга хэмжээнд заал, талбайгаа түрээсэлж, хүүхдийн арга хэмжээ хийх шаардлагатай хүүхдийн байгууллагууд нөгөө талд төлбөртэй заал, талбай хайж байгаа дүр зурагтай байлаа. Монголын хүүхдийн ордон нь ХГБХХЕГ-ын харьяа байх ёстой хэдий ч харилцан хамтын ажиллагаа бага. Жишээ нь 6 дугаар сарын 22, 23-ны өдөр ГБХНХЯ, ХГБХХЕГ, Гүүд Нэйборс олон улсын байгууллагатай хамтран хүүхдийн эрхийн улсын байцаагчдыг чадавхжуулах хоёр өдрийн сургалтыг зочид буудалд заал түрээслэн хийж байгаа аж. Гэтэл Монголын хүүхдийн ордон нь тоглолтын болон хүндэтгэлийн заал танхимтай боловч хүүхдийн байгууллагуудын зүгээс хүүхдийн эрхтэй холбоотой үйл ажиллагаандаа чөлөөтэй ашиглах боломжгүй байсаар иржээ. Түүнчлэн Нийслэлээс цалингийн төсвөө авдагтай холбоотойгоор дүүрэг, нийслэлийн төлөөлөгч, даргын аливаа арга хэмжээг үнэгүй зохион байгуулах буюу томчуудад зориулсан арга хэмжээнд хүүхдийн заал, танхимын цагийг зарцуулах асуудал гардаг байна. Тиймээс тус байгууллага төсвийн төлөвлөлт, менежментээ хэрхэн хийж буйг эргэн харах хэрэгтэй байж болзошгүй юм.
Монголын хүүхдийн ордон нь нийслэлийн төсвөөс ажилтнууд нь цалинждаг бөгөөд Боловсролын яам эсвэл Соёлын яаманд харьяалагддаггүй. Тиймээс төрийн албаны бусад гэсэн ангиллаар цалинждаг гэв.
2025 оны 7 дугаар сард Монголын хүүхдийн ордны өртгөтөл спорт цогцолборын барилгын зураг төсөл батлагджээ. Уг барилга нь одоогийн хүүхдийн ордны хажууд залгаа баригдах аж. Зургаан давхар барилга. Зөвхөн барилгын төсөв нь 23,5 тэрбум төгрөг.. Усанд сэлэлт, жудо, үндэсний бөх, самбо, таеквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, бадминтон, шатан, уран гимнастик, байт харваа, спорт бүжиг, хаданд авиралт, хөнгөн атлетик, Т-ball зэрэг 16 төрлийн дугуйланд 7200 хүүхэд суралцах боломж бүрдэнэ гэж төлөвлөжээ. Гэхдээ тухайн барилгын зураг төсөлд Монголын хүүхдийн ордноос төлөөлөл орсон эсэх мэдээлэл байхгүй. Учир нь нэгэн зэрэг олон зуун хүүхдэд үйлчилгээ үзүүлэх барилгын давхар гурваас дээш байгаа нь аливаа гал, газар хөдлөлтийн гамшгийн үед хүүхэд амь эрсдэх, амьд үлдэх, барилгаас гарахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй юм. Мөн тухайн барилгыг барих зардал л 23.5 тэрбум төгрөг бөгөөд үүнд дотор нь хичээллэх дугуйлангуудад онцлогоос нь хамаарч шаардагдах тохижуулалт, тоног төхөөрөмжийн зардал багтаагүй байна. Мөн ямар компани тус цогцолборын зураг төслийг хийсэн зэрэг мэдээлэл тодорхойгүй байв.
Мөн жилдээ 4000 гаруй хүүхдийг дугуйланд хамруулдаг бөгөөд ингэхдээ зорилтот бүлгийн буюу бүтэн өнчин бол төлбөрөөс 100 хувь, хагас өнчин бол 50 хувь хөнгөлөлт эдлүүлдэг байна. Гэвч эдгээр дүүрэг бүрд хөгжлийн хөтөлбөр, дугуйланд хамрагдах шаардлагатай хичнээн хүүхэд байгаагаас хэдийг нь бодлогоор хамруулж байгааг тодруулахад бүртгэлээр зорилтот бүлгийн хүүхэд орж ирсэн тохиолдолд л хөнгөлөлт эдлүүлдэг байна. Өөрөөр эдгээр хүүхдүүдэд хүрч, дугуйланд хамруулах үйл ажиллагаа явуулдаггүй гэлээ. Монголын хүүхдийн ордны төлбөрийн хувьд нэг жилийн 450,000 төгрөг. Ганцаарчилсан сургалт нь 1,5 сая төгрөг байна.
Хүүхдийн урлан бүтээх төвийн хувьд жилдээ 2000 гаруй хүүхдэд хүрч ажилладаг. Нийслэлийн төсөвт 12 сая гаруй төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй. Мөн дугуйлангуудад ашиглах шаардлагатай түүхий эд, хэрэгслүүдийн зардал нь 8 сая төгрөг. Үүнийгээ 20 төрлийн дугуйландаа хуваагаад ашигладаг байна. Дугуйлангууд нь үнэ төлбөргүй. Багш нарын бүтээлийг борлуулах, хүүхдийн үзэсгэлэнгийн танхимаа түрээслэх зэргээр төсөвт орлого болгох ёстой 12 гаруй сая төгрөгөө бүрдүүлдэг байна.
Хүүхдийн урлан бүтээх төвийн хувьд 2015 оны 11 дүгээр сарын 30-нд НИТХ-ын тогтоолоор хувьчлах шийдвэрийг гаргаж байжээ. Улмаар эцэг эхчүүд, багш нар уг шийдвэрийг эрс эсэргүүцэж, ирэх онд нь буюу 2016 оны 3 дугаар сарын 23-нд Нийслэлийн хувьчлах жагсаалтаас хасагдаж байжээ. Энэ мэт хүүхдийн байгууллагын газар, байрыг үрэн таран хийх оролдлого Хүүхдийн урлан бүтээх төвд ч тохиолдож байжээ. Өдгөө тухайн барилга нь нурах эрсдэлтэй гэсэн дүгнэлт гараад олон жилийн нүүр үзэж байгаа. Барилгыг хүчитгэх ажлыг хийхээр төлөвлөжээ. Урлан бүтээх төвийн хойд талд тохижуулан үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах боломжтой талбай байдаг хэдий ч өнөөг хүртэл төсөв мөнгө тавьж байгаагүй аж.
Монголын хамгийн том хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв нь нийлээд нийт Монгол Улсын нийт хүүхдийн 0.1 хувьд нь л хүрч ажиллаж байна. Тиймээс хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа, дугуйлан, сургалтуудын менежментийг хүртээмжтэй байдлаар зохион байгуулах, шинэлэг арга барил шаардлагатай аж.



Comments