Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн 6 иргэнийг 7-30 хоног баривчилжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газраас хүүхдийн тэтгэлгийн төлбөрийг шуурхай барагдуулах, төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлжээ.
Энэ хүрээнд 2026 оны наймдугаар сарын 24-28-ны хооронд тэтгэлэг төлөгчдөөс нэг тэрбум төгрөгийг албадан гаргуулж, 1,204 тэтгэлэг авагчид олгосон байна.
Мөн наймдугаар сарын гуравнаас хойш хүүхдийн тэтгэлэгт нийт 2.64 тэрбум төгрөгийг 2,950 удаагийн гүйлгээгээр тэтгэлэг авагчдад шилжүүлжээ.
Түүнчлэн тэтгэлгээ тогтоосон хугацаанд төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн, оршин суугаа хаягаа өөрчилсөн 10 тэтгэлэг төлөгчийг олж, хаягийг тогтоон, холбогдох ажиллагааг үргэлжлүүлж байна.
Наймдугаар сард хүүхдийн тэтгэлэг төлөөгүй есөн иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүхээр шийдвэрлүүлснээс зургаан хүнд 7-30 хоногийн хугацаагаар баривчлах, гурван хүнд 100 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.
Мөн дээрх ажиллагааны хүрээнд өмнө төлөгдөөгүй байсан хүүхдийн тэтгэлийн 3,3 сая төгрөгийн хуримтлагдсан төлбөрийг нөхөн төлүүлсэн байна.
Банкны төлбөр барагдуулах газраас цаашид хүүхдийн тэтгэлгийг шуурхай, тасралтгүй олгох, тэтгэлэг төлөгчдийг хуульд заасан үүргээ биелүүлэхэд нөлөөлөх, төлбөрөөс зайлсхийсэн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх замаар хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ажиллахаа мэдээллээ.



Comments