Хүүхдийн аюулгүй байдлын эрсдэлийг мэдээлэх цахим системийг сайжруулна

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү болон холбогдох албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтаар “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Энэ хүрээнд хүүхдийг аюулгүй орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн эрсдэлийг иргэдэд мэдээлэх, эрсдэлийг хэрхэн арилгах талаарх мэдээллээр олон нийтийг шуурхай хангах ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.
Мөн хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй нүх, цахилгааны утас зэрэг эрсдэлийг иргэдээс хүлээн авах мэдээллийн системийг илүү нарийвчлан хөгжүүлж, сайжруулахад анхаарч ажиллахаар тохиролцов.
Түүнчлэн цаашид төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эцэг эх, асран хамгаалагч, иргэн бүр хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хариуцлагатай оролцдог байх хандлагыг төлөвшүүлэх олон нийтэд чиглэсэн ажлыг хамтран тасралтгүй зохион байгуулна гэв.



Comments