Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүллээ

Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх, оношлох дэвшилтэт тоног төхөөрөмжийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан барилга байгууламж барих, өргөтгөх, шинэчлэх, нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэж, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулжээ.
Улмаар ГССҮТ-ийн мэдрэлийн мэс заслын навигацийн систем болон нойрны гүн хэмжих мониторын системийг хүлээлгэн өглөө.
Дээрх тоног төхөөрөмжийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр хүүхдийн архаг болон хүчтэй өвдөлт, хавдрын шалтгаант өвдөлт, тархи, нугасны гэмтэл, төрөлхийн болон даралттай эмгэгээс үүдэлтэй булчингийн чангарлыг удирдах, мөн нойрны гүн, чанарыг нарийн тодорхойлох боломж бүрдэх юм.
Түүнчлэн нойрны эмгэгийг эрт илрүүлж, оношилгоонд үндэслэн эмчилгээг оновчтой төлөвлөх, хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой аж.
Энэхүү тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг эрт илрүүлэн оношлох, эмчилгээний үр дүнг дээшлүүлэхэд бодит дэмжлэг болох юм.



Comments