ХЭҮК-оос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрхийн асуудлаар Боловсролын сайдад зөвлөмж өглөө

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос (ХЭҮК) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах эрхийг бодитой хангах, тэгш хамран сургах боловсролын бодлогын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор зөвлөмж боловсруулж,(2026.10.26) Боловсролын сайд Л.Энх-Амгаланд өглөө.
Уулзалтад ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, зөвлөмж боловсруулахад санал өгсөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны тэргүүн С.Сэлэнгэ нар оролцлоо.
Зөвлөмж боловсруулахдаа 2025-2026 онд онд 21 аймгийн 99 ерөнхий боловсролын сургуулийн 336 багшийн туршлага, санал бодлыг сонсож, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай ажилладаг багш нар, иргэний нийгэм, экспертүүдийн оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, Улаанбаатар хот, аймгуудын ерөнхий боловсролын 15 сургууль, сургуулийн өмнөх боловсролын есөн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна. Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хийсэн хяналт шалгалт, 2023-2026 онд шийдвэрлэсэн гомдол, мэдээллийн үр дүнг зөвлөмжид тусгажээ.
Комисс дараах асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн 33 арга хэмжээг боловсролын яаманд зөвлөлөө.
Захиргааны хэм хэмжээний актын давхардал, хийдлийг арилгах
Төсвийг үр ашигтай зарцуулах
Хүний нөөцийг бүрдүүлэх, тогтвортой ажиллуулах
Багшид үзүүлэх мэргэжил, арга зүйн дэмжлэг, цалин урамшууллыг сайжруулах
Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл, дэмжлэгийн багийг зохих ёсоор ажиллуулж, орон нутаг, сургуулийн түвшний дэмжлэгийн тогтолцоог үр нөлөөлтэй болгох
Сургалтын орчныг бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах
Ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт, тусгаарлалтаас ангид сургуулийн соёлыг төлөвшүүлэх
Тусгай сургуулиудыг хүний эрхийн болон тэгш хамруулан сургах боловсролын үзэл баримтлалд нийцүүлэн үе шаттай шинэчлэх
Зөвлөмжийн хэрэгжилтэд хянах хэрэглүүрийг бий болгох асуудлыг зөвлөмжид мөн тусгажээ.
Зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа, хариуцах нэгж, шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг тусгасан төлөвлөгөөг хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийн байгууллага, холбогдох төрийн байгууллага, боловсролын салбарын багш, мэргэжилтний оролцоотой боловсруулж, 2026 онд багтаан олон нийтэд танилцуулах, комисст ирүүлэх;
Зөвлөмжийн хэрэгжилтийн эхний үр дүнгийн талаарх тайлангийн хэлэлцүүлгийг дээрх төлөөллийн оролцоог ханган 2027 оны 05 дугаар сард зохион байгуулж, 2027-2028 оны хичээлийн жилээс өмнө шаардлагатай арга хэмжээ авах;
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Комиссын зөвлөмжийг албан ёсоор хүлээн авч, ирүүлсэн 9 багц асуудлын хүрээнд 33 зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2026 онд багтаан гаргаж, олон нийтэд танилцуулан Комисст нэг хувийг ирүүлэхийг зөвлөмжид тусгасны дагуу энэ ондоо багтаан төлөвлөгөөг гаргаж манлайлал үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
ХЭҮК-ын гишүүн, доктор Г.Нарантуяа: Монгол Улсад өөрийн онцлогт тохирсон шилжилтийн бодлого хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах бодлого, үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт гарч байгааг тэмдэглэх нь зүйтэй. Гэвч тэгш хамруулан сургах үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бэлтгэл хангалтгүй, төлөвлөлт муу, бодлого, салбар, байгууллага, бүтцүүдийн уялдаа холбоо, зохион байгуулалт сул байгаа нь сургууль, багш нар, суралцагчдад хүндрэл үүсгэж, суралцагчийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг бодитой, үр дүнтэй хангах, боловсролд тэгш хамруулахад засгийн газраас дараах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг зөвлөж байгаа юм" гэлээ.



Comments