top of page

ХЭҮК-оос ОУБ, ИНБ-уудтай 2026 онд хүүхдийн чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүүхдийн эрхийн асуудал хариуцсан Ж.Хунан гишүүн өнөөдөр /2026.01.26/ хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Уг уулзалтыг хоёр дахь жилдээ ХЭҮК-оос санаачлан хийж байгаа билээ. 2026 онд ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 25 дахь илтгэлд хүүхдийн эрхийн ямар асуудлуудыг тусгах талаар мөн энэ үеэр танилцууллаа.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан "2026 онд төрийн, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хамтын ажиллагаагаа улам сайжруулж, хүүхдийн асуудлаар ямар нэг давхцалгүй уялдаа холбоотой ажиллах нь маш чухал байна. Тийм учраас нэгдсэн байдлаар аль байгууллага ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна, бусад байгууллагатайгаа хэрхэн хамтран ажиллах боломж байна гэдэг мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулж байна." хэмээв.

Мөн 2026 онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 25 дахь илтгэлд хүүхдийн эрхтэй холбоотой илүү бүтэц, тогтолцооны асуудлыг судлахаар төлөвлөжээ. Үүнд; Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан баг, хууль ёсны төлөөлөгч, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан, 108 утасны үйлчилгээ зэрэг 10 асуудлыг багтааснаа танилцууллаа.


Тус уулзалтад НҮБ-ын Хүн Амын Сан, Гүүд Нэйборс олон улсын төрийн бус байгууллага, Олон Улсын Эрх зүйн Хөгжлийн Байгууллага, Хүүхдийг ивээх сан, Хөөрхөн зүрх ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь, Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хүүхдийн эрх хамгааллын төвийн зөвлөх Д.Ундраа, Хүүхдийн эрхээр дагнасан Child.mn/Хүүхэд.мн хэвлэл мэдээллийн байгууллагын гүйцэтгэх захирал А.Уянга нар оролцлоо.











Comments


bottom of page