top of page

ХЭҮК 25 дахь илтгэлийн хүрээнд “Хүүхэд хамгааллын тогтолцоо, анхаарах асуудал”-ыг судлан, УИХ-д санал зөвлөмж хүргүүлэхээр төлөвлөжээ

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд “Хүүхэд хамгааллын тогтолцоо, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд бүхэлд нь үнэлгээ, дүн шинжилгээ хийж, холбогдох санал, зөвлөмжийн хамт Улсын Их Хуралд хүргүүлэхээр төлөвлөж байна.

Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайлан, мэдээллийг сонсож,  аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар, Түр хамгаалах байр, Цагдаагийн хэлтсийн насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөөний орчин, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Түүнчлэн тус аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн улсын байцаагчдын хуулиар хүлээсэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиг үүргийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв.

Аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар болон Түр хамгаалах байр нь зориулалтын байргүй, орон сууцны нэг давхрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулж байна. Мөн тус байгууллагын төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт батлагдаагүйгээс хүний нөөцийн хүрэлцээ хангалтгүй, орон тоо дутагдалтай байгаа нь хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж,  байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй нөхцөл байдал тогтоогдов.   


Эх сурвалж: ХЭҮК


Comments


bottom of page