ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
- 1 hour ago
- 1 min read

ХХНББХ-ны 6-р сарын 30-ны өдрийн хуралдаанаар УИХ гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүний өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн хийсэн юм. Тэрээр чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй хоёр саналыг гүйцээн боловсруулсан болохыг танилцуулав. Мөн УИХ-ын гишүүн Ө.Шижир, Т.Мөнхсайхан нарын гаргасан хамрын тамхины гааны амттай холбоотой зохицуулалт болон 2010 оноос хойш төрсөн иргэдэд тамхи худалдаалахгүй байх тухай заалтаар дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Л.Энхнасан, М.Нарантуяа-Нара, П.Наранбаяр нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тэд хуулийн хэрэгжилтийн үр нөлөө, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн биелэлт, холбогдох хууль тогтоомжийн уялдаа холбоо, татварын хувь хэмжээг тооцох үндэслэл, хэрэгжилтийн механизмыг илүү нарийвчлан тусгах шаардлагатайг онцлов.
Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара дутуу дулимаг хууль батлаад хэрэгжүүлэх явцад сайжруулна гэж тооцож байгаа нь буруу гээд боломжтой бол төслийг хууль санаачлагч буцаан татаж авах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Хуралдааны төгсгөлд ажлын хэсгээс гүйцээн боловсруулсан саналууд болон дахин санал хураалтад оруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр саналыг дэмжсэнээр хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, эцэслэн хэлэлцүүлэхээр тогтлоо.



Comments