“Хууль сахиулах ажиллагаа ба хүүхдийн эрхийн асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний хурал болно
- child.mn

- Nov 7, 2025
- 2 min read

Монгол улсад анх удаа “Хууль сахиулах ажиллагаа ба хүүхдийн эрхийн асуудал, шийдэл” сэдвээр дагнасан эрдэм шинжилгээний хурал, бодлогын хэлэлцүүлэг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Кристина Ноблийн Хүүхдийн Сан, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв хамтран зохион байгуулж, Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан, НҮБ-ийн Хүүхдийн сан дэмжин ажиллаж байна. Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь 1997 оноос хойш Монгол Улсад эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүд болон тэдний гэр бүлд боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн хамгааллын чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилладаг улс төр, шашнаас ангид, ашгийн бус, олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм. Уг байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагад “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийг 28 дахь жилдээ хэрэгжүүлж, эрх нь хязгаарлагдсан өсвөр насныхныг амьдралын ур чадварт сургах, нийгэмд амжилттай эргэн нэгтгэх, бие даасан иргэн болоход дэмжлэг үзүүлэн ажилладаг байна.
Тус эрдэм шинжилгээний хурал нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хууль сахиулах байгууллагуудын үүрэг, оролцоо, үйл ажиллагааны эрх зүйн болон практик асуудлуудыг харьцуулан судалж, урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх арга зам, чиг хандлагыг тодорхойлох зорилготой аж.
Хуралд Хүний эрхийн үндэсний комисс, Боловсролын Ерөнхий газар, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлага, төлөөллүүд оролцож хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан, олон улсын туршлага, үндэсний хэмжээний бодлого, тогтолцооны үр дүн, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нөхцөл байдлыг хэлэлцэнэ. Энэхүү эрдэм шинжилгээний хурал, бодлогын хэлэлцүүлэгт ирсэн илтгэлүүд, судалгааны хүрээ, санал шийдэл нь хууль сахиулах үйл ажиллагаанд хүүхэд хамгааллын ээлтэй тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах шийдлийг тодорхойлсон бөгөөд салбар бүрийн төлөөллүүдээс нийт 40 гаруй илтгэл хүлээн авчээ.



Comments