top of page

ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

  • 10 hours ago
  • 2 min read

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал танилцуулав.

Уг дүгнэлтэд нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдсантай холбоотойгоор боловсруулсан энэхүү төсөл нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах зарчимд тулгуурлажээ. Төсөл батлагдсанаар гэр бүлийн хэргийн харьяалал илүү тодорхой болж, хүүхдийн эрхтэй холбоотой олон асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэх аж.

Мөн олон улсын жишигт нийцүүлэн хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шинэ аргачлалаар тооцох, гэр бүлийн маргаанд мэргэжлийн сэтгэлзүйч оролцуулах, эвлэрүүлэн зуучлах, шүүхэд ажиллах гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч, эвлэрүүлэн зуучлагчийн хорооны гишүүн эвлэрүүлэн зуучлагч, шүүгч, эвлэрүүлэн зуучлалын шүүгчийг сургах, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр мэргэшүүлэх, шинжээч нь бакалаврын түвшний мэдлэг, мэргэжилтэй, гурваас дээш жилийн туршлагатай байх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ. Хуулийн төслийг төрөл бүрээр хэлэлцэн санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Үргэлжлүүлэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 1999 онд батлагдсан тус хуульд найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч гэрлэлт, гэр бүл цуцлалт, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулах шаардлага үүссэн гэж хууль санаачлагчид үзжээ.

Шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг түлхүү тусгасан бөгөөд “Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх” гэсэн шинэ бүлэг нэмэгджээ. Үүнд гэрлэлт цуцалсан тохиолдолд хүүхдийн авах тэтгэлгийг тухайн бүс нутагт мөрдөж буй амьжиргааны доод түвшнээс багагүй байхаар тогтоох, хүүхдийн нас, хэрэгцээ, онцлогт нийцсэн хэмжээгээр олгох зохицуулалт багтжээ. Түүнчлэн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар тусгасан байна.

Хуулийн төсөлд мөн цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНХ-ийн шинжилгээнд хамрагдах, гэрлэлттэй адилтгах харилцаа, тээгч эх болон бусдын бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болохтой холбоотой харилцааг зохицуулах заалтуудыг тусгажээ.

Гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг шинэчлэхээр боловсруулсан дээрх хуулийн төслүүдийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүллээ.

 

Comments


bottom of page