top of page

Т.Аубакир: Хаврын морин уралдаанд нийтээрээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол авааргүй наадахыг уриаллаа

  • 3 days ago
  • 1 min read

Өнгөрөгч тавдугаар сарын нэгнээс хаврын морин уралдаан эхэлсэнтэй холбогдуулан  Гэр бүл, хөгжил, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл хийв.

Тэрээр “Жил бүрийн 11-р сарын нэгнээс тавдугаар сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэлд 18 нас хүрээгүй хүнээр морь унуулахыг хориглодог. Энэ талаар Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоол батлагдсан. 2025 оны байдлаар 12 мянга орчим хүүхэд уралдаанд оролцсон байна. Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, үүнээс 250 нь бэртэл гэмтэл аваагүй, 88 нь хөнгөн, тав нь хүнд бэртэл гэмтэл авсан гэсэн статистик гарсан. Иймээс баяр наадмын үе, морин уралдааны улирал эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд, уяачид, орон нутгийн удирдлагуудыг анхааралтай байхыг уриаллаа.

Мөн бүх аймаг, дүүргийн засаг дарга нарт албан бичиг хүргүүлж, орон нутагт морины уралдааны зам, харгуй, аюулгүй байдал, хамгаалах хэрэгсэлд анхаарах чиглэл өгсөн гэдгийг хэлсэн юм.

Түүнчлэн хуулиар найман нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглодог бөгөөд унаач хүүхдүүдийг заавал хамгаалах хэрэгсэлтэй, даатгалд хамрагдсан байх шаардлагатайг онцолсон.

Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хяналт шалгалт хийж ажиллахаа мэдэгдлээ.

 Мөн 2026 он гарсаар ахуйн хүрээнд гурван хүүхэд, хурдан морины бэлтгэлийн үеэр нэг хүүхэд мориноос унаж хүнд гэмтэл авсан бол морины ажил хийх явцад нэг хүүхэд, ахуйн нөхцөлд нэг хүүхэд мориноос унаж амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Тэрээр морин уралдаан нь Монголын уламжлалт өв соёл хэдий ч нийтээрээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол авааргүй наадах шаардлагатайг онцлов.


Comments


bottom of page