Усны ослын улмаас сүүлийн 5 жилд 249 хүүхэд энджээ
- Jun 15
- 1 min read

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор НОБГ, НЦУГ-аас үер усны ослоос урьдчилан сэргийлэх талаар хэвлэлийн хурал хийлээ.
Улсын хэмжээнд усны ослоор сүүлийн 5 жилд 249 хүүхэд энджээ. Аюул ослоос сэргийлж, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн ч энэ тоо төдийлөн буураагүй байна. Жишээлбэл, 2023 онд 14, 2024 онд 17, 2025 онд 21 хүүхэд тус тус амь насаа алджээ. Тиймээс НОБГ-аас 6-р сарын 15-аас 9-р сарын 15-ны өдрийг хүртэл Туул голын 50 километрийн радиуст буюу БЗД-ийн Хар усан тохойноос СХД-ийн Хадан хясаа хүртэлх 28 цэгт завьт болон явган эргүүл хийхээр болжээ. Судалгаагаар зуны цагт өдөрт дунджаар 5000 гаруй иргэн голын эрэг дагуу амардаг. Завьт болон явган эргүүлийн тусламжтай усанд осолдох эрсдэлийг 35-40, иргэдэд учрах хохирлыг 15 хувиар бууруулдаг байна.
Нийт нутгаар гол усны түвшин нэмэгдэж, үерийн эрсдэлтэй байгаа тул хүүхдээ хийлдэг завь болон бусад шаардлага хангаагүй усны тоглоомоор тоглуулахгүй байх, голын эрэг дагуу амрахдаа архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Хараа хяналтгүй байдлаас үүдэн хүүхэд тогтоол усанд унаж осолдох, ил задгай цахилгааны утас дээр гишгэх эрсдэл бий хэмээн НЦУГ-ын хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн мэдээллээ.
Түүнчлэн хүүхдийн төлөө “За бол заавал хий” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэлжээ. Тус аян нь хүүхэд залуус, иргэд, олон нийтэд үер усны эрсдэлийг танин мэдүүлж, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.



Comments