top of page

“Урлагаар хүний эрхийг бэхжүүлье!” IV-р хөтөлбөрийн оролцогчид нийгмийн асуудлыг хөндсөн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа

  • 20 minutes ago
  • 2 min read

Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх Залуусын давлагаа клубийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Урлагаар хүний эрхийг бэхжүүлье!” IV-р хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүргийн ЗДТГ-т болж оролцогч хүүхэд, залуус өөрсдийн хийсэн бүтээлээ олон нийтэд танилцууллаа.

Тус хөтөлбөр нь Дүфрэснэ Готьерын Сангийн санхүүжилттэй хэрэгжиж буй “Маргинал бүлгийн хүүхэд, залуусыг эрх мэдэлжүүлж, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдсан юм.

15-22 насны хүүхэд, залуучуудыг хамруулсан уг хөтөлбөр хоёр сарын турш үргэлжилж, долоо хоног бүр хүний эрх, ардчилал, иргэдийн оролцоо, сэтгэл зүйн эрүүл мэнд, урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл авч, мэдлэг, ур чадвараа хөгжүүлжээ.

Залуусын давлагаа клубийн зохицуулагч А.Уянга “Хүний эрх ба урлаг хоорондоо салшгүй холбоотой бөгөөд урлаг нь хүний эрхийн асуудлыг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх хүчирхэг хэрэгсэл болдог. Жишээ нь дайныг эсэргүүцсэн уран зураг, шүлэг, дуу хөгжим зэрэг олон төрлийн урлагийн бүтээлүүд хүний эрхийн зөрчлийг шүүмжлэх, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахад чухал үүрэгтэй байдаг. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид хүний эрх болон урлагтай холбоотой хичээлүүдийг салбарын мэргэжилтнүүдээс сурч авсан. Сурсан мэдлэгээ ашиглан амьдарч буй орчныхоо эерэг болон сөрөг талуудыг харуулсан бүтээлүүдийг өөрсдөө урлалаа” гэв.

Хөтөлбөрийн оролцогч Т.Мөнхжаргал: “Миний бүтээл хүний үндсэн эрх болох үгээ хэлэх, сонсогдох эрхийг харуулж байгаа. Хэдийгээр хүн амаа нээж байгаа ч дуу хоолой нь сонсогдохгүй байгаа байдлыг илэрхийлэхийг зорьсон. Төрийн эрх мэдэлтнүүд өөрсдийн ашиг сонирхол, эрх мэдлийг иргэдийн үзэл бодлоос дээгүүр тавьж байгаа байдлыг харуулсан”.

Оролцогч У.Анар-Эрдэнэ

Миний бүтээлийн нэр бол “Баригдмал” юм. Гол санаа нь эмэгтэй хүний эрх хэрхэн хязгаарлагддагийг илэрхийлэхийг хүссэн. Манай улсад жендерийн хэвшмэл ойлголт их байдаг. Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй адил хүндлэгдэх, ижил эрх эдлэх боломж бага. Эмэгтэй хүн илүү хүч хөдөлмөр зарцуулах хэрэгтэй болдог. Адилхан хүн болж төрсөн хэр нь эмэгтэй гэх шалтгаанаар эрэгтэй хүнээс дор үзэгдэх үзлийг мисожинист үзэл гэдэг. Энэ охины хөлд зурсан том ачаа нь эмэгтэй хүнд тавьдаг хэм хэмжээ, шаардлагыг илэрхийлсэн. Нүүрээ будсан байгаа нь эмэгтэй хүн заавал хөөрхөн харагдах ёстой, эмэгтэйлэг байх хэрэгтэй гэсэн гоо зүйн стандартыг харуулсан. Шилэн хайрцагт байгаагаар зурсан нь  тэгш бус байдлаас гарч чадахгүй, баригдмал байдалд байгааг илэрхийлсэн юм. “Баригдмал” зургаа өөрт болон бусад эмэгтэйчүүдэд тохиолдсон үйл явдлаас сэдэвлэж зурсан". 

Оролцогч Н.Тэлмүүн: "Хүчирхийлэгчийг зурахдаа хүмүүс хараад бие арзайхаар, аймшигтай төрхтэйгөөр дүрслэхийг хичээсэн. Учир нь гэмт хэрэгтнүүд шүүгчдэд мөнгө өгч, тэднийг худалдаж авдаг мэт санагддаг. Тиймээс Монголын  шүүгчдэд гомдож, бухимдсан сэтгэлээ энэ зургаар илэрхийлсэн". 


Оролцогч Б.Эмүжин: “Би бусад хүүхдүүдээс арай өөрөөр илүү тод өнгө ашиглаж, эерэг байдлаар зурах гэж хичээсэн. Эхний зураг маань найзыгаа бодож зурсан. Дээд талын хүүхэд нь манай найз, доод талынх нь би. Гол санаа нь нүдээр дамжуулан тэвэрч тайтгаруулах мэдрэмж, аз жаргал, хайр, нар сарын зохицлыг илэрхийлэхийг зорьсон".

 


Comments


bottom of page