top of page

Урин дулааны улиралд бэртэл гэмтлийн улмаас өдөрт 200 гаруй хүүхэд ГССҮТ-д ханддаг

  • 1 day ago
  • 1 min read

Сургууль, цэцэрлэгийн амралт эхэлж, хүүхдүүдийн гадаа өнгөрүүлэх цаг нэмэгдэж буйтай холбоотойгоор хүүхдийн осол, гэмтлийн тоо эрс нэмэгдэж байгааг ГССҮТ-өөс анхаарууллаа.

Тус төвийн яаралтай тусламжийн тасгаар хоногт дунджаар 200 гаруй хүүхэд осол, гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлж байгаа бөгөөд урин дулааны улиралд хүүхдийн гэмтлийн тоо жирийн үеийнхээс 2-3 дахин нэмэгддэг болохыг ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн их эмч П.Батнаран анхаарууллаа.

Түүний хэлснээр сүүлийн үед скүүтэр, цахилгаан дугуй, мопедтой холбоотой осол гэмтэл эрс өссөн байна. Мөн энэ оны тавдугаар сарын байдлаар 1400 орчим бага насны хүүхэд түлэгдэлтийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд эдгээрийн дийлэнх нь халуун тогоо болон ахуйн орчны шалтгаант түлэгдэлт байжээ.

Түүнчлэн зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн эцэг эхээс авсан мэдээллээр хүүхдийг автомашины урд суудалд хамгаалалтын бүс, зориулалтын хүүхдийн суудалгүй тээвэрлэсэн нийтлэг зөрчил илэрч байгаа аж.

Үүнээс гадна хурдан мориноос унах, тоглоомын талбайд тоглох үедээ бэртэх тохиолдол тогтмол бүртгэгдэж байна.

Мөн хүүхдийн осол, гэмтлийн 30-40 хувийг ахуйн орчны осол, түлэгдэлт эзэлдэг бол 20-30 хувь нь гудамж талбайд болсон осол гэмтэл байгаа аж.

Эмч нарын зүгээс хүүхэд зөөлөн эд болон бусад төрлийн гэмтэл авах үед зарим эцэг эх эмнэлэгт хандахгүйгээр гэрийн нөхцөлд дур мэдэн эмчлэх оролдлого хийдэг нь гэмтлийг хүндрүүлж, урт хугацааны сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэйг онцоллоо.

Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарч, хараа хяналтыг сайжруулах, бага насны хүүхдийг ах, эгчид нь даатган гадаа гаргахгүй байх, насанд хүрээгүй хүүхдэд цахилгаан дугуй, скүүтэр унуулахгүй байх, автомашинд зорчих үед хүүхдийн зориулалтын суудал ашиглаж, хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэхийг зөвлөв.

Comments


bottom of page