top of page

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

  • Jul 10
  • 1 min read

Монгол улс 2009 оноос хойш жил бүрийн 7-р сарын 10-ны өдөр Төрийн далбаагаа мандуулж, хүндэтгэл үзүүлэх ёслолыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид уламжлал ёсоор Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх цэргийн ёслолын жагсаал зохион байгууллаа.

Ёслолыг нээж Монгол  улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэлэхдээ, Төрийн далбааны өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, энэхүү ёслол нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх, төрт ёс, эх оронч үзэл, үндэсний бахархал, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтойг онцлов. Тэрээр ёслолын жагсаалд оролцож буй алба хаагчдад амжилт хүсэж, үе үеийн эх орончид, ахмад дайчид, энхийг сахиулагчдад төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 4400 орчим алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, нисдэг тэрэг, сөнөөгч онгоц оролцлоо. Мөн Монгол Улсад үйлдвэрлэж, хөгжүүлсэн тусгай зориулалтын хуягт болон автомашин, нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг техник хэрэгслийг олон нийтэд танилцуулсан юм.

Ёслолын жагсаалын үеэр морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол улс, Ардын журамт цэрэг, Ардын армийн туг болон Төрийн далбааг залж жагсав. Жагсаалыг Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр командаллаа.

Арга хэмжээг УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал, УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, ахмад дайчид, иргэд, жуулчид үзэж сонирхлоо.

 

Comments


bottom of page