top of page

ТЭСО, НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах хичээлүүдийг бүтээлээ

  • 2 minutes ago
  • 2 min read

Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран ТЭСО группийн санхүүжилтээр “Хүүхдийг цахим орчинд хамгаалъя” төслийг хэрэгжүүллээ. Сүүлийн жилүүдэд цахим орчны бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт нэмэгдэж, ноцтой шинжтэй болж байгаатай холбогдуулан төслийн хүрээнд хүүхдийн насны онцлогт тохирсон, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан зорилтот видео хичээлүүдийг бэлтгэн хүргэж байгаа.

Эдгээр хичээлийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн олон улсын туршлага болон багш, нийгмийн ажилтнуудын оролцоотойгоор боловсруулан, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 887 сургуульд түгээнэ. Видео хичээлүүд нь бүх сурагчдад заавал судлах агуулга болохоос гадна сургуулийн ажилтан, эцэг эхчүүдийг ч мөн сургахад ашиглагдана. Видео хичээлийг танилцуулах өдөрлөг өнөөдөр нийслэлийн Ерөнхий боловсролын 16-р сургууль дээр хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн хамт боллоо. Хүүхдийн цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад энэ талын мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага мөн давхар бий болсон.

Судалгаанаас харахад багш, сурган хүмүүжүүлэгч нарын 33% нь тусгайлсан хөтөлбөр байхгүй улмаас цахим орчинд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зөвлөгөө өгөх чадваргүй гэж өөрсдийгөө дүгнэсэн байна. Эцэг, эхчүүдийн 91% нь өөрийн хүүхдээ цахим орчны халдлагад өртөж байгаагүй гэж боддог. Гэтэл хүүхдүүдийн 87% нь цахим орчны халдлагад өртөж байсан. Цахим дарамтад өртсөн хүүхдүүдийн нь 59% нь эцэг, эхдээ хэлдэггүй. Хүүхэд эрсдэлтэй нүүр тулж байгаагаа эцэг эхдээ хэлэхгүй, эцэг эх нь энэ талаар мэдэхгүй байна гэдэг нь цахим халдлагаас үүдэн гарах сөрөг нөлөөг улам ихэсгэж, гүнзгийрэх нөхцөл болж байна. Иймд төслийн хэрэгжилт цаг үеэ олсон чухал ажил болсныг өдөрлөгт оролцсон хүүхэд, багш, эцэг эхчүүд хэлж байлаа.

Төслийн 350 сая төгрөгийн санхүүжилтийг ТЭСО группээс нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан юм. “Хүүхдийг хамгаалах нь нийгмийн бүх салбарын хамтын үүрэг үздэг. ТЭСО групп шиг хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд бодит хөрөнгө оруулалт хийж байгаа нь үлгэр жишээ болохуйц хамтын ажиллагаа болж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Яан Му онцлов.


Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

Comments


bottom of page