top of page

Танилц:Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах хуулийн заалтууд

  • Apr 20
  • 2 min read

Ердөө 10 хоногийн дараа буюу тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хурдан морины уралдаан, үсэргээ сунгаанд наймаас дээш насны хүүхэд оролцуулах боломжтой хугацаа эхлэх гэж байна. Тиймээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Соёл, спортын үйл ажиллагаан дахь хүүхэд хамгааллын талаарх мэдээллийг эргэн сануулж байна.

27.5.Хурдан морины уралдаан болон морины сунгаа, уралдааны бэлтгэлийн үед уяач уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах үүргийг хүлээнэ:

  • 27.5.1.уралдаанч хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх;

  • 27.5.2.уралдаанч хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, өсөлт, хөгжлийн талаар дүгнэлт гаргуулах;

  • 27.5.3.уралдаанч хүүхдийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу батлагдсан стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах;

  • 27.5.4.уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан ослын даатгалд даатгуулах;

  • 27.5.5.уралдаанч хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан, амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал бий болсон тохиолдолд хүүхдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн даруй хамруулах;

  • 27.5.6.уралдаанч хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахгүй байх. Энэ заалт хурдан морины уралдааны бэлтгэл үе шатанд хамаарахгүй;

  • 27.5.7.уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, бай, шагналыг тусгасан гэрээг бичгээр, эсхүл хуульд нийцүүлэн цахим хэлбэрээр байгуулах.

27.6.Хурдан морины уралдаанд уралдах морийг унах хүүхдийн нас Үндэсний их баяр наадмын тухай хуулиар тогтоосон наснаас доогуур байж болохгүй.

27.7.Хурдан морины уралдаанд уралдах морийг унах хүүхдийг ослын даатгалд даатгуулсан болон стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэж байгаа эсэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хяналт тавина.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлд хурдан морь унах хүүхэдтэй холбоотой дарах заалтууд хүчин төгөлдөр үйлчилж байна.

  • 10.2.Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдах морийг найм, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд уралдаанч хүүхэд нь үндэсний хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байна.

  • 10.3.Үндэсний хурдан морины уралдааны явцад хүүхдийг ослын даатгалд даатгуулсан эсэх болон стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэл хэрэглэж байгаа эсэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

Comments


bottom of page