Танилц:Зарим ИДС-ийн элсэгчдэд олгох тэтгэлэг
- 1 day ago
- 4 min read

МУИС-ийн элсэгчдийг дэмжих тэтгэлэг: Боловсролын яамнаас тогтоосон Олон улсын болон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байрт шалгарсан элсэгчийн сургалтын төлбөрийн 50-100 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:
Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн элсэгчид 100 хувь;
Улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид 100 хувь;
Улсын олимпиадад оролцож 2-р байрт шалгарсан элсэгчид 75 хувь;
Улсын олимпиадад оролцож 3-р байрт шалгарсан элсэгчид 50 хувь;
МУ-ийн Засгийн газрын 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоол “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.1-2.7 дахь заалтын тавигдах шаардлагыг хангасан бол төрөөс төлбөрийг бүрэн санхүүжүүлнэ.
Монголын сайхан бичигтэн уралдаанаас шалгарсан, суралцах эрх (ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын хөтөлбөрүүдээс сонгоно) авсан элсэгчийн суралцах хугацааны сургалтын төлбөрийг Засгийн газрын буцалтгүй тэтгэлгээр 100 хувь олгоно.
ШУТИС-ийн элсэгчдийг дэмжих тэтгэлэг: ШУТИС-ийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн чиглэлээр олон улсын болон Боловсролын яамнаас баталсан улсын олимпиадад 1-5 байр эзэлсэн элсэгчдэд эхний хичээлийн жилийн 30 багц цагийн сургалтын төлбөрийн 50-100 хувийн тэтгэлэг олгоно. Түүнчлэн элсэгч суурь болон дагалдах хичээлд тооцуулсан хичээл тус бүрд 700-750 оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 50%, 751-775 оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 75%. 776-800 оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг тус тус олгох юм. Мөн магадлан итгэмжлэгдсэн, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр элсэх хүсэлт гарган 600-аас дээш оноо авсан бол засгийн газрын тэтгэлэг олгоно. Нийгмийн ажилтан, хоол зүй, шим судлал хөтөлбөрөөр элсэх хүсэлт гарган, 501-ээс дээш оноо авсан бол 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох юм.
Зорилтот бүлгийн, тусгай хэрэгцээт элсэн суралцагчдад сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохоос гадна орон нутгийн харьяалалтай бол дотуур байрны зардал олгоно. Зорилтот бүлгийн гэдэгт бүтэн өнчин, хагас өнчин, өрхийн нэг гишүүн нь тусгай хэрэгцээт, эцэг эх нь хоёул тусгай хэрэгцээт, өрхийн нэг гишүүн нь хөдөлмөрийн чадвараа алдсан, цаатан, тува, урианхай үндэстний өрхийн нэг суралцагч орох юм. Түүнчлэн нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд бакалаврын үндсэн хөтөлбөрөөр зэрэг суралцаж байгаа бол нэг сурагчид сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно.
АШУҮИС-ийн элсэгчдийг дэмжих тэтгэлэг: Монгол улсын дээд боловсролын сургалтын аттестатчилагдсан байгууллагын бакалаврын түвшний өдрийн ангид хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж буй дараах суралцагчдад сургалтын төлбөрийн /нэг жилд 30 кредит/ буцалтгүй тусламж олгоно. Үүнд:
Бүтэн өнчин суралцагч
Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх /хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч /эцэг, эхийн актын хувь хамаарахгүй/
Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч /Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 70-с дээш хувь байх/
Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхэд
Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй /магистр, докторын түвшинд суралцаж буй суралцагчид хамрагдаж болно/
ХААИС-ийн элсэгчдийг дэмжих тэтгэлэг: Элсэгч нь ЭШ-ын суурь хичээлд 700 ба үүнээс дээш оноотой бол эхний жилийн сургалтын төлбөрт 100 хувь, 600-699 бол 50 хувийн тэтгэлэг тус тус олгоно. Босго онооны болзол хангасан элсэгчдэд сургалтын төлбөрийн дараах тэтгэлгүүд олгогдоно.Үүнд:
Олон улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 100%;
Тухайн мэргэжлийн ЭШ-1-ийн хичээлээр улсын олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 100%;
Тухайн мэргэжлийн ЭШ-1-ийн хичээлээр хот, аймгийн олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 30%;
ХААИС-ийн нэрэмжит ЭШ-ын их сорилгод 1 байр эзэлсэн, босго оноо хүрсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 100%;
ХААИС-ийн нэрэмжит ЭШ-ийн их сорилгод 2-5 байр эзэлсэн, босго оноо хүрсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 50%;
ХААИС-ийн нэрэмжит ЭШ-ын их сорилгод 6-10 байр эзэлсэн, босго оноо хүрсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 30%;
Урлаг, спортын төрлөөр олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд 1-3 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөрт 30%;
Олон улсын хэмжээний мастер цолтой бол эхний жилийн сургалтын төлбөрт 100%;
Спортын мастер, дэд мастер, спортын 1-р зэрэгтэй бол эхний жилийн сургалтын төлбөрт 30%,
Түүнчлэн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр элссэн оюутан шаардлага хангасан тохиолдолд боловсролын зээлийн сангийн зээл бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлт эдэлнэ. Дээд боловсролын тухай хуулийн 13.3.6 дахь заалтын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна. Мөн багш, ажилтны төрсөн нэг хүүхэд нь ХААИС-ийн бакалаврын хөтөлбөр, хос хөтөлбөрт элссэн тохиолдолд эхний жилийн сургалтын төлбөрт 50 хувийн тэтгэлэг олгоно.
СЭЗИС-ийн элсэгчдийг дэмжих тэтгэлэг: СЭЗИС-ийн элсэлтийн босго онооны шалгуурыг бүрэн хангасан, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, ЕБС-д амжилттай суралцсан элсэгчид тэтгэлэг олгоно. Манлайлагч элсэгч буюу сурлагын өндөр амжилттай, манлайллын ур чадвартай, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх чадвартай элсэгчид нэг удаа олгодог сургалтын төлбөрийн тэтгэлэг юм. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой нөхцөл байдалд байгаа элсэгчдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаа олгодог сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог байна. Түүнчлэн Bteac talent буюу олон улсын диплом олгох BTEC Higher Nationals хөтөлбөрт суралцах чин эрмэлзэлтэй, авьяаслаг элсэгчдэд тэтгэлэг олгодог. Манлайлагч болон зорилтот бүлгийн элсэгчдэд тус бүр 3,000,000 (гурван сая) хүртэлх төгрөгийн (шалгуураас хамааран) сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно. BTEC Talent тэтгэлэгт хөтөлбөр нь элсэгчдэд тус бүр 5,000,000 (таван сая) хүртэлх төгрөгийн (шалгуураас хамааран) сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох юм.
СУИС-ийн элсэгчдийг дэмжих тэтгэлэг: Эрэлт ихтэй дараах хөтөлбөрүүдэд 600 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд “Засгийн газрын тэтгэлэг” болон “Реакторын нэрэмжит тэтгэлэг” олгоно. Үүнд:
Багш, хөгжмийн боловсрол
Багш, бүжгийн боловсрол
Хөгжмийн урлаг
Номын сан судлал
Бүжгийн урлаг
Зураг авалт
Дуу чимээний технологи
Хөгжимдөх урлаг
Уран баримал
Зураасан зураг
Үндэсний язгуур урлаг, хөөмий, тууль
Жүжиг, киноны зохиол
Урлаг судлал
Тайз, дэлгэцийн зураг
Соёл судлал
Түүх соёлын аялал жуулчлал



Comments