top of page

Тавантолгой Түлш ХХК: Энэ жил түлшнээс үүдэлтэй агаарын бохирдлыг 50 хувь бууруулна

3 days ago
1 min read

Тавантолгой Түлш ХХК 2026-2027 оны халаалтын улирлын нээлтээ хийж, борлуулагч нарт зориулсан уламжлалт мэдээлэл өгөх өдөрлөгийг Хүүхэд залуучуудын театрт зохион байгуулж байна. Энэ жилийн өдөрлөгт нийслэлийн долоон дүүрэгт түлш борлуулах байнгын цэг ажиллуулах 446 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцжээ.

Өдөрлөгийг Тавантолгой Түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нээж үг хэллээ. Тэрбээр “Тавантолгой Түлш ХХК 2026-2027 оны халаалтын улиралд 427 мянган тонн түлшийг нийслэлчүүдэд түгээнэ. Бид өнгөрсөн жилүүдэд мидлингээр түлш хийж байсан бол энэ жил Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угаан баяжуулсан эрчим хүчний нүүрсээр 120 мянган тонн түлш үйлдвэрлэж, иргэдэд нийлүүнэ. Завсрын бүтээгдэхүүнээр түлш хийдэг байсан бол энэ жил зөвхөн нийслэлчүүдэд зориулсан сайн чанарын, зорилтот түүхий эдээр түлш хийж байгаагаараа онцлог. Товчхондоо нүүрсний уурхайн өрмөөр нь түлш хийнэ гэсэн үг” гэлээ.

Мөн тэрбээр энэ жил түлшнээс үүдэлтэй агаарын бохирдлыг 50 хувиар бууруулахыг зорьж байгааг онцлов.

Өнгөрсөн жил нийслэлчүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлж, агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулсан. Энэ жил уг үр дүнгээ бууруулахгүй, ахиулахаар ажиллаж байна гэлээ. Үүний тулд Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллах бөгөөд иргэдэд түгээхэд ажлыг хариуцдаг борлуулагч нарт амжилт хүслээ.

Өдөрлөгт Тавантолгой Түлш ХХК-ийн үйлдвэрлэл, санхүү, борлуулалт, түгээлт, технологи зэрэг бүх чиглэлийн хэлтэс, албаны мэргэжилтнүүд оролцож, борлуулагч нарт мэдээлэл өглөө.

Энэ жилийн бас нэг онцлог нь Хотула апплейкшнээр борлуулалтын цэгүүдийн түлшний хангамжийг харах боломжтой. Өөрөөр хэлбэл түлш хаана хомстолтой, аль цэгт илүүдэлтэй байгааг гар утсаараа харж болно. Мөн борлуулагч нар захиалсан түлшээ хаана явж байгааг Улаанбаатар хотын газрын зураг дээр харах боломжтой.

Тавантолгой Түлш ХХК энэ халаалтын улиралд нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын байнгын 446 цэг ажиллуулж, шаардлагатай тохиолдолд нээх 54 цэгт нөөцөлжээ. Борлуулалтын цэгүүд маргааш буюу 09 дүгээр сарын 15-ны өдрөөс шахмал түлш борлуулж эхэлнэ.

Comments


bottom of page