Т.Аубакир ГБХНХ-ын сайдын ажлаа хүлээн авлаа
- child.mn
- Jun 18
- 2 min read

2025 оны 6-р сарын 17-ны өдрийн УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар засгийн газрын бүрэлдэхүүнд багтах сайд нарыг танилцуулсан билээ. Ийнхүү өнөөдөр шинээр томилогдсон сайд нар үүрэгт ажлаа хүлээн авч байна. Тэр дундаа хүүхэд, гэр бүл, нийгмийн хамгааллын салбарын асуудлыг эрхлэн явуулдаг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдаар Т.Аубакир томилогдсон юм. Тэрээр өнөөдөр Л.Энх-Амгалангаас тамгаа авч, ажлаа албан ёсоор хүлээн авлаа.
ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа "2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газарт “Гэр бүл, хөдөлмөр ,нийгмийн хамгааллын сайд”-ын албыг 11 сар хашиж үүрэгт ажлыг хүлээлгэж өглөө. Өдөр бүр иргэдийнхээ төлөө уур бухимдал, цөхрөл, гуниг, амьдралын хар цагаан бүхэнтэй нүүр тулдаг мөртлөө хамгийн бага цалинтай ажилладаг салбарынхаа нийт ажилтан албан хаагчид та бүхэндээ баярлалаа.
1992 оноос хойш батлагдсан нийгмийн хамгааллын салбарын бүх хууль, журмын давхардал, хийдлийг цогцоор нь шинжлүүлж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт анх удаа системийн шинжилгээ хийлээ. Хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, алдаа дутагдалд үндэслэн хуулиудын харилцан уялдаа холбоог сайжруулан, боловсруулж УИХ-ын чуулганд өргөн барихаар бэлдлээ.
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг ХҮҮХЭД-ХАЙР-ИРЭЭДҮЙ уриан дор зохион байгуулж, хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд, өөрийгөө хөгжүүлэх сайн хөтөлбөр бүхий зуслантай байх ёстой гэдэг бодлогыг нийгмийн анхаарлын төвд оруулсан. Их ч олон эерэг үр дүн авчирна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
УИХ-аас баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах нөхцөлийг бүрдүүллээ. 2024 оноос 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах орон тоог тогтоож, өнөөдрийн байдлаар 651 нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн. Ингэснээр энэ салбар 2000 орчим ажилтантай болж байна.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрыг татан буулгаж Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газарт шилжүүлэн төрийн албаны давхардлыг арилгаж, төрийн байгууллагын чадамж, бүтээмж,үр дүнг дээшлүүллээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хамт олондоо, удирдлагын багтаа эхлүүлсэн “Шинэчлэлээ заавал үргэлжлүүлээрэй" гэж хичээнгүйлэн захиж байна" хэмээн бичжээ.
Commentaires