Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон-2" болгоно
- 5 hours ago
- 1 min read

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал нээж үг хэлэв. Тэрээр “Монгол улсад хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын асуудал хурц байна. Төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн, цахим дарамт, хүчирхийлэл, зам тээврийн ослоор хүүхэд хохирох тохиолдол нэмэгдэж байна. Хүүхдэд ээлтэй орчин, хөгжлийн орон зай дутмаг хэвээр байна. Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд л ганцхан хүүхдийн ордон байна. Тиймээс Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны байрыг “Хүүхэд хөгжлийн ордон-2” болгоно. Энэхүү ордонд шинжлэх ухаан, гадаад хэл, урлаг, соёл, технологи, инновацын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг, чадварт суралцаж, дэлхийн Монгол хүнийг бэлтгэх орон зайг нээнэ” гэлээ.
Тус ордныг “Хүүхдийн төлөө” сангийн долоон тэрбум төгрөгөөр засварлаж өдөр тутмын үйл ажиллагааг нь Монголын Хүүхдийн ордны захиргаа хариуцах аж.
Ерөнхий сайд хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх бус бодит ажил хийх шаардлагатайг сануулж хүүхдүүдээ хүчирхийлэл, мэдлэгийн хоцрогдол, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөх хэрэгтэйг онцоллоо. Мөн үндэсний компаниуд, баялаг бүтээгчдээ нийгмийн хариуцлагынхаа дагуу сайн үйлс өрнүүлж, Хүүхэд хөгжлийн ордонд сургалтын өрөө танхим тохижуулж, өөрсдийн нэрэмжит болгож, хүүхдийн сурах орчныг бүрдүүлэхэд оролцохыг урьж бас уриаллаа.
Түүнчлэн зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх, мөн цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулахаар боллоо. Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлнэ гэв.



Comments