Сургууль, цэцэрлэгүүдэд түр оршин суугчдаас байрны ордер заавал шаардахгүй байх чиглэл өглөө

Боловсролын яамнаас сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой гомдол, зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин 8-сарын 10-наас хойш цэцэрлэг, сургуулийн элсэлттэй холбоотой нийт 103 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс 24 нь нэгдүгээр анги болон цэцэрлэгийн элсэлттэй холбоотой болохыг мэдээлэв.
Түүнчлэн нийт гомдлын дийлэнх нь түр оршин суугчийн бүртгэлтэй холбоотой байна. Үндсэн оршин суугчид хаягийн бүртгэлээрээ асуудалгүй бүртгүүлж байгаа бол түр оршин суугчдаас оршин суугаа газраа нотлох нэмэлт баримт бичиг шаардаж байгаатай холбоотой гомдол байжээ.
Эдгээр гомдол 1, 141, 187, 189 зэрэг сургуульд түлхүү төвлөрсөн байна. Үүнтэй холбоотойгоор түр оршин суугчдаас байрны ордерыг заавал шаардахгүй байх чиглэл өгсөн байна. Харин тухайн иргэн түр оршин суугчаар бүртгэлтэйгээ нотлох бусад баримт бичгийг үзүүлэх шаардлагатай юм.
Мөн өргөдөл, гомдлыг шалгах явцад зарим хаяг дээр хэдхэн хоногийн дотор олон хүүхэд бүртгүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд сургуулийн ажлын хэсгүүд тухайн бүртгэлүүдийг нягтлан шалгаж, асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа гэлээ.



Comments