Сурагчид нийлж голын хог шүүх төхөөрөмж бүтээж Туул голд байршуулжээ
- 2 days ago
- 1 min read

Томүжин Алтернатив сургуулийн ахлах ангийн дөрвөн сурагчаас бүрдсэн “Flow” баг байгаль орчноо хамгаалах зорилгоор голын урсгалаар хөвж буй хатуу хог хаягдал, тэр дундаа хуванцар бохирдлыг бууруулах шүүн цэвэрлэх төхөөрөмж зохион бүтээж Туул голд туршсан байна.
Энэхүү төхөөрөмж нь хүний оролцоо бага шаарддаг бөгөөд голын урсгалын хүчийг ашиглан хөвж буй хог хаягдлыг автоматаар шүүх зарчмаар ажилладаг аж. Ингэснээр усны бохирдлыг бууруулах бодит шийдэл болох боломжтой гэж үзэж буй юм.
Түүнчлэн энэхүү төсөл нь залуусын санаачилга, бүтээлч сэтгэлгээ байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ямар чухал үүрэгтэйг харуулж байгаа аж. Тэд уг төхөөрөмжөө 10 хоног Яармагийн шинэ гүүрний доор туршилтаар суурилуулсан байна.
Мөн иргэд хог хаягдлаа зөв ангилан ялгаж, гол усанд хог хаяхгүй байх нь байгаль орчноо хамгаалахад оруулах хамгийн чухал хувь нэмрийн нэг гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.
Эх сурвалж: Усны газар



Comments