Сурагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалт эхэллээ
- 6 days ago
- 2 min read

Үе тэнгийн найз нартаа эергээр нөлөөлөх хүсэлтэй сурагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэн тэднээр дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлж, хүүхдийн эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Эрхээ мэдье, түгээе” сургалт дөрөвдүгээр сарын 29-ны өдөр эхэллээ.
Сургалтыг хүний эрх, хүүхдийн эрх болон сургагч багш болоход шаардагдах мэдлэг, ойлголтыг бодит кейс дээр багаар ажиллуулах, асуулт, хариулт, хэлэлцүүлэг, дүрд хувирах зэрэг оролцоонд тулгуурласан аргаар зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд 04-р сарын 29-ний өдрөөс 05-р сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.
Сургалтыг нээж Хүний эрхийн үндэсний Комиссын дарга Д.Сүнжид хэлсэн үгэндээ “Эрхээ мэддэг хүн өөрийгөө хамгаалж чаддаг. Та бүхэн цаашид үе тэнгийнхэндээ эергээр нөлөөлж, эрхээ мэддэг, бусдын эрхийг хүндэтгэдэг, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд нь хувь нэмэр оруулна. Тийм учраас эргэх холбоотой ажиллаж, дараагийн уулзалтыг хийнэ. Өнөөдрийн сургалтад суухаар хүрэлцэн ирсэн хүүхдүүд та бүхэнд талархал илэрхийлж, амжилт хүсье” гэв.
Сургалтад Өсвөрийн сэтгүүлчдийн клубийн 30 сурагч хамрагдаж байгаа бөгөөд ХЭҮК-ын дарга, Хууль зүйн доктор Д.Сүнжид “Тэгш эрх, ялгаварлан гадуурхалт” сэдвийн хүрээнд хүний эрхийн суурь зарчим, тэгш эрх, ялгаварлан гадуурхалт, эрх эдлэгч ба үүрэг хүлээгч зэрэг агуулгаар тэдэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсан юм.
Үргэлжлүүлэн Хүний эрхийн боловсролын хэлтсийн ахлах референт Э.Мөнхзул “Цахим орчин ба хүүхдийн эрх” Цахим орчинд ямар эрхтэй вэ?, чамайг юу хүлээж байна вэ?, эрсдэлээс өөрийгөө хамгаалах нь, хувийн мэдээллээ хамгаалъя" сэдвээр ярилцлаа.
Мөн “Хүүхдийн эрхийн зарчим, Хүүхэд яагаад хамгаалуулах ёстой вэ?, хүүхдийн эрхийн тухай конвенц" сэдвээр Хүний эрхийн боловсролын хэлтсийн референт О.Тодбулаг “Чимээгүй бүү өнгөрөө, Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрье, Өөрийгөө болон найзыгаа хамгаалах нь, Хаана, хэнд хандах вэ?" сэдвээр референт Б.Батцоож нар хүүхдүүдэд мэдээлэл өгөв.
ХЭҮК нь байгуулагдсан цагаасаа хойш 4,441 удаагийн хүний эрхийн сургалтад 233,014 хүнийг хамруулж хүний эрхийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлжээ. Мөн сүүлийн 5 жилд 577 хүний эрхийн сургагч багш бэлтгэсэн байна.
2024-2025 онд Хүүхдийн эрх ба хамгаалал, Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь, Нууцтай байх эрх сэдвээр Нийслэлд таван удаагийн таван цагийн сургалтад 136 МСҮТ, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийг хамруулсан бол 21 аймагт 61 удаагийн 108 цагийн сургалтад 4029 МСҮТ, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийг хамруулжээ. Үндэсний хэмжээнд хоёр жилийн хугацаанд 66 удаагийн 113 цагийн сургалтад 4165 хүүхдийг хамруулсан аж.
Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комисс.



Comments