Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг зүрх, тархи, судасны эмгэгийг эмчлэх ангиографийн аппараттай боллоо

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилуулж, ашиглалтад оруулжээ.
Германы Siemens Healthineers компанийн Artis Zee Biplane загварын энэхүү аппарат нь судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийх зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай төхөөрөмж юм.
Ингэснээр титэм судасны оношилгоо, эмчилгээ болон цээж, хэвлийн хөндийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийлгэхийн тулд иргэд улсын хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийг зорих шаардлагагүй болж, дүүргийн эмнэлгээсээ тусламж, үйлчилгээ авах боломжтой болж байна.
Тус аппаратыг ашиглан титэм судасны нарийслыг баллоноор тэлэх, стент тавих, гар хөлийн захын судасны бөглөрөл, нарийслыг эмчлэх, тархины судасны эмгэгт судсан дотуурх эмчилгээ зэргийг хийх юм.
Мөн хавдрын тэжээгч судсанд эмчилгээ хийх, зарим судасны гаж хөгжил болон аневризмыг судсан дотуурх аргаар эмчлэх, дүрсийн хяналттай биопси болон бусад ажилбарыг хийх боломж бүрдэж байгаа ажээ.



Comments