Скүүтер, мопедтой иргэд авто замын хөдөлгөөнд оролцох тул 18 нас хүрээгүй хүүхдэд унуулахгүй
- Jun 11
- 1 min read

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Шинэ зохицуулалтаар скүүтер, мопед, суррон зэрэг цахилгаан тээврийн хэрэгсэл нь авто замын хөдөлгөөнд оролцох тул зөвхөн 18 насанд хүрсэн иргэн ашиглах боломжтой боллоо. Мөн эдгээр тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд явган хүний гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээсээ бууж, түрж гарна.
Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдэд “E-Mongolia” системийн эрхээ ашиглуулсан тохиолдолд тухайн иргэнд хариуцлага тооцохоор хуульчилжээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын хэлснээр цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах иргэдийг замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, шалгалт буюу тестэд тэнцсэн тохиолдолд үйлчилгээ авах боломжтой болох юм. Түрээсийн үйлчилгээ эрхлэгч компаниуд энэхүү сургалт, шалгалтыг өөрсдийн аппликэйшнээр дамжуулан зохион байгуулах гэнэ.
Энэхүү өөрчлөлт нь цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлах, торгууль ногдуулах зорилготой бус замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, хэрэглэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж буй юм.
Мөн асуудлыг зөвхөн хууль эрх зүйн зохицуулалтаар бүрэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд төр, хувийн хэвшил, эцэг эх, иргэдийн хамтын оролцоо, хяналт чухал болохыг онцоллоо.



Comments