top of page

Сайн уу, Ээжээ! Би буруу юм хийгээд танд хэлэх гэхээр миний дотор маш их айдас төрдөг 

  • 6 days ago
  • 2 min read

Child.mn/Хүүхэд.мн сайтын 2025 оны хэрэглэгчийн судалгаагаар хүүхдүүдийн 60 хувь нь гэр бүлийнхэнтэйгээ ойлголцож чаддаггүй нь хамгийн их тулгамддаг асуудал гэж нэрлэжээ. Мөн 15 хувь нь “Бусад хүн намайг сонсдоггүй” гэж хариулсан байна. Харин нөгөө талд эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ ойлгох хэрэгтэйг мэддэг ч яаж гэдгээ ойлгохгүй байгаа, тусламж хэрэгтэй хэмээн хариулсан юм. Тиймээс “Хүүхдүүд юу хүсдэг вэ?” булангаар дамжуулан уншигч, үзэгч хүүхдүүдийн ээж, аавдаа хэлэхийг хүсдэг ч чадалгүй залгисан үгсийг зурвасаар хүргэж байна.

  1. 10 настай Ж.У

Сайн уу, Ээжээ! Би буруу юм хийгээд танд хэлэх гэхээр миний дотор маш их айдас төрдөг би тэгээд таньд буруу зүйл хийснээ хэлж чаддаггүй юм. 


  1. 9 настай Э.Д

Ааваа, ээжээ үргэлж та хоёроор үнэтэй зүйлс авхуулдагт уучлаарай. Би том болоод бүр үнэтэй зүйлс бэлэглэнэ ээ! 


  1. 14 настай Э.Г

Сайн уу, ааваа, ээжээ! Ээж та намайг өөр айлын хүүхдүүдтэй харьцуулахад би танд гомддог. Аав харин олон өдрөөр ажилд яваад, гэртээ бага байдагт нь дургүй ээ! 


  1.  8 настай Н.А

Сүрэн эгчийн хүүхдүүдийг үргэлж магтаж, намайг загнадаг болохоор ээжид гомддог. 


  1. 16 настай Н.Х

Хайртай шүү, ээжээ. Энэ үгийг ичээд хэлж чаддаггүй ч дотроо үргэлж боддог шүү. Та ойрд их л завгүй, ядарч байгааг ойлгож байна аа! Бага ядраарай ээж ээ! 


  1.  13 настай Б.Х

Хайрт аав, ээж хоёр минь ээ! Гэр бүлээрээ хэзээ хамт зугаалах юм бэ? Зун болохоор явна гэсэн зун болчихлоо шүү дээ! Дүү бид хоёр хүлээгээд л байна. Асуухаар “завгүй байна” гээд уурлаад байх юм. 


Эцэг, эхчүүдэд хүргэх бяцхан зөвлөгөө


Хүүхдийн сэтгэлзүйч Г.Солонго “Хүүхэд нээлттэй ярилцах тоолонд тархи нь  мэдээллийг боловсруулж, асуудалд дүн шинжилгээ хийх чадвар нь хөгждөг.  Харин хэн нэгэнд хэлэх гэсэн үгээ хэлэхгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй үед асуудалд дүн шинжилгээ хийх чадвар нь суларч, асуудлыг сөргөөр харах, ургуулан бодох нь нэмэгддэг. Хүүхэд өөрийнхөө өнцгөөр л юмсыг харж сөрөг ойлголттой үлдэх магадлалтай. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ өөрийгөө илэрхийлэх боломжийг нь хаахгүйгээр, нээлттэй ярилцах хэрэгтэй. Энэ харилцааны явцад хүүхэд өөрийгөө хөгжүүлж, сэтгэл санааны хувьд тогтвортой, өөртөө итгэлтэй хүн болон өсдөг.”


Comments


bottom of page