Р.Энхбат:Нэгдүгээр ангийн сурах бичгийн зургийг хиймэл оюунаар боловсруулсан нь байж болохгүй асуудал

Монсудар хэвлэлийн газраас өнөөдөр нэгдүгээр ангийн сурах бичиг зохиох, хэвлэх тендертэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын захирал Р.Энхбат "Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир болон Боловсролын яамны зүгээс УИХ-ын гишүүн, сайдын хамаарал бүхий хоёр хэвлэх үйлдвэрийг тендерт шалгаруулсан бөгөөд уг шалгаруулалт мэргэжлийн түвшинд явагдсан эсэхэд эргэлзэж байна" гэлээ.
Мөн "Монсудар хэвлэлийн газар сүүлийн гурван жилийн хугацаанд нэгдүгээр ангийн сурах бичгийг боловсруулжээ. Мэргэжлийн хүмүүсийн олон жилийн хөдөлмөрөөр бүтсэн сурах бичгийн оронд хиймэл оюунд даалгавар өгч, нэг сарын дотор яаран боловсруулсан сурах бичиг тендерт шалгарч байгаа нь асуудалтай гэж үзэж байна" гэв.

Нэгдүгээр ангийн сурах бичгийг чимэглэх зориулалттай хийсэн зургууд нь зургаан настай хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцэхгүй. Зураг дээрх хүмүүс бүгд ижил царайтай. Сурагч охиныг хүртэл гурван хөлтэй дүрсэлсэн байна.
Түүнчлэн тэрээр "Сурах бичгийг бэлэн мөнгөний бизнес гэж ойлгож болохгүй. Энэ бол хүүхдийн боловсрол, цаашлаад улс орны оюуны хөгжилтэй холбоотой чухал бүтээл гэдгийг онцолмоор байна. Манай компанийг шалгаруулаад өгөөч гэж хэнд ч хэзээ ч хэлж үзээгүй. Одоо ч хэлэхгүй. Зүгээр сурах бичгүүдийг эцэг эх, багш нар хараасай гэж хүсэж байна" гэв.



Comments