top of page

П.Наранбаяр: АХБ-наас 200 сая долларын хөнгөлөлттэй зээл авахаар Сангийн яамтай ярилцаж байна

ree

2026 оны төсвийн төслийн санал, 2027-2028 оны төсвийн төсөөллийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг үргэлжилж байна. Өнөөдөр Боловсролын салбарын төсвийн төсөлд олон нийтээс санал авч байна.

Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр "2026 оны хичээлийн жилд 2441 сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагад нийт 1,2 сая гаруй хүүхэд, залуучууд суралцана. Эдгээр хүүхэд, залуучуудад эрдэм боловсрол, хүмүүжил олгох үйл ажиллагаанд зарцуулахаар 4.8 их наяд төгрөгийн төсвийн санал боловсруулж, олон нийтээс санал авч байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн 70 хороо төрийн болон орон нутгийн өмчийн сургууль байхгүй мөн 50 хороо бүр ямар ч сургууль байхгүй байна. Тиймээс хамран сургах тойргийг хороо дамнуулан баталж, хүүхдүүдийг сургаж байгаа. Ирэх есдүгээр сараас ерөнхий боловсролын сургуульд өмнөх жилээс 28 мянгаар илүү хүүхэд орж байгаа. Энэ тоо 2030 он гэхэд 80 мянгад хүрнэ. 2028 он гэхэд 108 сургууль, 95 цэцэрлэг барих хэрэгцээ байгаа. 2026 оноос л эхлүүлж байж ирэх жилүүдэд сургууль, цэцэрлэгийн хүртээмж асуудалгүй болно" гэлээ.


Мөн тэрээр "2026 онд шинээр барих 45 цэцэрлэг, 45 сургуулийн барилгыг 1.9 их наяд төгрөгөөр барихаар тооцоолж, төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар үргэлж байгаа 200 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцээхэд энэ жил буюу 2025 онд хязгаартай батлуулсан 561 тэрбум төгрөгийг ашиглаж байгаа юм. Үүний дээр Азийн Хөгжлийн Банкнаас 200 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээл авахаар Сангийн яамтай ярилцаж байна. Үүнийг зөвхөн сургууль, цэцэрлэг шинээр барихад л зарцуулах юм. Үлдэгдэл шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг эрэлхийлж байна" гэлээ.


Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар боловсролын салбарын багш, ажилтнуудын цалин нэмэх асуудлаар ярилцсан бөгөөд хэмнэлтээс хуримтлагдсан төсвийг эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын цалинг нэмэхэд зарцуулахад ёстой гэж Монгол Улсын Ерөнхий сайд онцолж байсныг дурдлаа.


Comments


bottom of page