top of page

Орхон аймгийн Цагдаагийн газраас зөрчил гаргасан 12-р ангийн сурагчаас мэдүүлэг мэт яриа авсан бичлэгээ сайтаар нийтлэн, эрхийг нь зөрчжээ

  • Apr 24
  • 3 min read
"Зөрчил гаргагч жолооч" гэх тайлбар текстийг тухайн бичлэгийг нийтэлсэн газар бичсэн бөгөөд хүүхдийн дуу хоолойг өөрчлөөгүй, дүрсийг бүрсийлгээгүй байна.
"Зөрчил гаргагч жолооч" гэх тайлбар текстийг тухайн бичлэгийг нийтэлсэн газар бичсэн бөгөөд хүүхдийн дуу хоолойг өөрчлөөгүй, дүрсийг бүрсийлгээгүй байна.

Эрдэнэтийн мэдээ мэдээллийн сайт гэх ETzone.mn сайтын фэйсбүүк пэйжид Орхон аймгийн Цагдаагийн газрын Цагдаагийн дэд хурандаа Х.Одбаяр зөрчилд хариуцлага тооцсон талаараа мэдээлэл өгчээ. Ингэхдээ зөрчил гаргасан 18 настай хүүхдийн аль сумын сургуульд сурдаг, нэрийн эхний үсэг, машины дугаар зэрэг мэдээллийг нээлттэй мэдээлжээ. Үүнээс гадна тус хүүхэдтэй нэг өрөөнд ширээний хоёр талд суун, охины дүрсийг бүрсийлгэж, дуу хоолойг өөрчлөхгүйгээр мэдүүлэг авч буй мэт асуултууд асууж, түүнийгээ бичлэг болгон ETzone.mn сайтын фэйсбүүк хаягаар түгээжээ.

2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймагт ...дугаартай .... маркийн автомашин дээр бага насны хүүхдүүдийг буруу тээвэрлэж явсан бичлэг цахим орчинд тархсан байна. Үүнтэй холбоотойгоор тухайн тээврийн хэрэгслийг яаралтай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, эзэмшигчийг нь олж тогтоожээ. Ингэхэд Орхон аймгийн .....сумын 12 дугаар ангийн сурагч уг зөрчлийг гаргасан байна. Энэ талаар тухайн бичлэгт цагдаагийн алба хаагч мэдээлэхдээ дараах байдлаар хүүхдийн эрхийг зөрчжээ.

  1. Хүүхдийн хувийн мэдээллийг олон нийтэд түгээсэн

Тус бичлэгт ЦЕГ-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл болон техникийн тодорхойлолт гэсэн бичиг баримтын зургийг дүрсжүүлэлтэд ашиглажээ. Ингэхдээ тодорхой мэдээллүүдийг хараар дарсан мэт боловч томруулаад харахад хүүхдийн овог нэр, регистрийн дугаар, хаяг уншигдахуйц байдалтайгаар олон нийтэд түгсэн байна.

Хүүхэд хамгааллын тухай хуульд

  • 29.4.Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, прокурор, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдийн болон хүүхэд 14 нас хүрсэн бол түүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдэгдэхийг хориглоно. 

  • 25.4.Хүн, хуулийн этгээд хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эсхүл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг, дуу, дуу-дүрсний бичлэг агуулсан контент, мэдээ, мэдээлэл, бүтээлийг олон нийтэд түгээхийг хориглоно.

  • 29.2.Хүүхдээс тайлбар, мэдүүлэг, санал авах, хүүхдийн биед үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг хүүхдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгай өрөөнд гүйцэтгэх бөгөөд уг ажиллагааг хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулахгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.

Хүүхдийн эрхийн тухай хуульд

  • 4.1.2.төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;

  • 4.1.8.хүүхдийн эрхийг хангахад оролцогч талуудын үйл ажиллагаанд хуульд заасан төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээлэл ил тод, нээлттэй байх.

  • 7.3.Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй гэж тус тус заажээ.



  1. Хүүхдийн нэр төрийг гутаасан

Үүнээс гадна хүүхдийн нүүр царай болон дуу хоолойг өөрчлөхгүйгээр олон нийтэд гэмт хэрэгтэн мэтээр бичлэгээр харуулах нь эргээд хүүхэд гутаан доромжлогдсон мэдрэмж авах, үе тэнгийнхэн дундаа ялгаварлан гадуурхалтад өртөх зэрэг олон эрсдэлийг дагуулж байгаа юм. Түүнчлэн хүүхдээс мэдүүлэг авч буй мэт харилцан яриаг бичлэг оруулсан бөгөөд цагдаа дараах байдлаар хүүхдийн хувийн мэдээллийг асууж, зандарсан хандлагаар харилцаж буй нь бичлэгт тод үлджээ.

Бичлэгийн харилцан ярианы хэсгээс:

Цагдаа: Амар байна уу? Цагдаагийн байгууллага дээр ямар зөрчил гаргаад дуудаж ирснээ мэдэж байгаа юу? Ер нь хаана, аль сургуульд сурдаг вэ, хэдэн настай вэ, өөрийгөө нэг танилцуулаач.

Цагдаа: Хэзээ жолооны курс төгссөн бэ?

Цагдаа: 2 сард төгссөн юм уу? За ямар зөрчил гаргаад цагдаагийн байгууллага дээр ирсэн байгаагаа мэдэж байгаа юу?

Цагдаа: Ямар зөрчил гаргасан бэ?

Цагдаа: Ер нь ингэж тээврийн хэрэгсэл дотор зорчигчийн суудлын тоогоор хүн тээвэрлэх ёстойгоос биш дээрээ хүн суулгаж явахгүй гэж мэдэж байгаа юу?

Цагдаа: Яагаад ингэж явах болсон бэ?

Цагдаа: Ер нь машин унаж сураад удаж байна уу?

Цагдаа: Дөнгөж авсан юм уу?

Цагдаа: Ингэж явж байгаад дахиад нэг байдлаар хүн унаад ч гэдэг юм уу бэртвэл амь нас эрүүл мэндээрээ хохирох ийм эрсдэл болж байна шүү дээ гэдгийг чи өөрөө мэдэж байсан уу?

Цагдаа: Тэгээд яагаад ийм зөрчил гаргасан бэ?

Цагдаа: Ер нь одоо ч бай, өмнө ч бай ингэж явж болохгүй гэж мэдэж байгаа биз дээ.

Цагдаа: За энэ дээр ямар ч байсан таны гаргасан зөрчил дээр зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ тооцож ажиллана.


Уг асуудалд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 45-д зааснаар хүн тээвэрлэх журам зөрчсөн хэмээн торгуулийн арга хэмжээ тооцжээ. Тухайн зөрчилтэй холбоотойгоор арга хэмжээ авах нь хуулийн дагуу үйлдэл боловч, хуулиар хариуцлага хүлээсэн сурагчийг дахин цахим орчинд сэрэмжлүүлэг нэрээр "яллах, хэрэгтэн гэж цоллох" нь өөрөө хүүхдийн, хүний эрхийн зөрчил юм.


Comments


bottom of page