top of page

Орхон аймагт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бага насны хүүхдийн хөгжлийн төв байгуулна

Updated: Aug 13

ree

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Монгол дах Их Британийн Элчин сайдын яам Орхон аймагт “Ногоон ирээдүй” нэртэй уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бага насны хүүхдийн хөгжлийн төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Их Британи улсын Гадаад харилцаа, Хамтын Нөхөрлөл болон Хөгжлийн Газар (FCDO) болон Орхон аймгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төсөл нь Баян-Өндөр сумын Эрдэнэ багт одоо байгаа нийтийн зориулалттай барилгыг нүүрсгүй, эрчим хүчний хэмнэлттэй, хүүхдэд ээлтэй орчин болгон шинэчлэх юм. Тус төв ашиглалтад орсноор 0–5 насны 500 гаруй хүүхдэд эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжлийн сургалтууд болон хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоог дэмжих үйлчилгээг үзүүлнэ.

ree

“Энэ хамтын ажиллагаа нь Монголын хувьд хамгийн чухал хоёр чиглэл болох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа болон бага насны хүүхдийн хөгжил хоёрыг нэгтгэж байна. Нүүрс түлэхийг халж, сэргээгдэх эрчим хүч ашигласнаар бид хүүхдийн өнөөдрийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ тэдний ирээдүйг ногоон болгож байна” хэмээн Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан гарын үсэг зурах ёслолын үеэр хэлэв.

"Их Британи нь Монгол Улсын ногоон ирээдүй, тэгш хөгжлийн төлөөх хүчин чармайлтыг дэмжиж ирсэн. Тийм учраас бид орон нутгийн хөгжлийг дэмжсэн энэ санаачилгыг дэмжиж байгаадаа баяртай байна. Бид цаашид ч байгаль орчныг хамгаалах, хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өөрийгөө бүрэн хөгжүүлэх боломжтой тийм ирээдүйг бүтээхийн төлөө олон улсын түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ" хэмээн Монгол Улсад суугаа Их Британи Улсын Элчин сайд, хатагтай Фиона Блайт онцлов.

Бага насны хүүхдийн хөгжлийн төвийн дулаан алдагдлыг бууруулж, нарны эрчим хүчээр ажиллах халаалтын систем, дотоод агаар сэлгэлтийн систем, ногоон байгууламж бүхий гадна талбай байгуулна. Мөн тус төвд эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хүүхэд хүмүүжил, хоол тэжээл, эрүүл мэнд, ногоон амьдралын хэв маяг чиглэлээр сургалтууд зохион байгуулна. Энэхүү санаачилга нь Монгол Улсын Бага насны хүүхдийн хөгжлийн үндэсний хөтөлбөр болон Парисын хэлэлцээрийн зорилтуудтай уялдаж, сэргээгдэх эрчим хүчийг орон нутгийн дэд бүтцэд нэвтрүүлэх боломжтойг харуулах жишиг төсөл болно. Ирэх 5 жилийн хугацаанд уг загварыг орон даяар түгээж, нийтийн зориулалттай барилгуудад нүүрс хэрэглэхийг зогсоох, орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлнэ. Төсөл нь 2025 оны 8 дугаар сард эхэлж, 2026 оны 3 дугаар сард дуусах төлөвлөгөөтэй аж.

Comments


bottom of page