top of page

Олон улсын тэмцээнд амжилт гаргасан сурагчдыг шагнаж урамшууллаа

  • Jun 2
  • 1 min read

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан авьяас чадвар, хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээн, олимпиад, спортын наадамд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн 25 сурагчийг хүлээн авч, шагнал гардууллаа.

Шагналыг УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан нар гардуулав. Сайд Т.Аубакир амжилт гаргасан сурагчдад эрүүл энх, сайн сайхныг хүсэж, цаашдын сурлага, урлаг, спортын замналд нь улам их амжилт гаргахыг ерөөсөн юм.

Шагнал авсан хүүхдүүдээс онцолвол:

З.Эмүжин: найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийн 4 гишүүнийг амиа алдах эрсдэлээс аварч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Шударга журам” медаль хүртсэн.

Т.Есүй: Ж.Чулууны нэрэмжит Залуу хөгжимчдийн олон улсын XII уралдааны хийлчдийн тэмцээний алтан медальт.

Э.Тулга: "Орчлон" сургуулийн 10 дугаар ангийн сурагч, жюүжицүгийн Абу-Дабигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон.

Д.Алдардэлгэр: Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн, "Аз Богд Алдар" ОУ-ын төрөлжсөн олимпиад зохион байгуулдаг НҮТББ-ын үүсгэн байгуулагч, 500 гаруй монгол хүүхдийг гадаад дахь олон улсын тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлсэн "Майнд Спарк" сайн дурын байгууллагын тэргүүн тус тус шагнагджээ.

Тэмцээнд амжилттай оролцсон 25 хүүхдэд Монгол улсын засгийн газрын талархал, олон улсын Найрамдал зусланд амрах эрхийн бичиг болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын гарын бэлгийг гардууллаа.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ, эх орныхоо нэр хүндийг тив, дэлхийн хэмжээнд сурталчилж буй хүүхэд багачуудыг алдаршуулан шагнаж, тэднийг гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцоход нь цаашид ч тогтвортой дэмжин ажиллахаа онцлов.

 

Comments


bottom of page