Олныг сэрдхийлгэсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр эхэлсэн 7 хоног...
- child.mn

- Jan 19
- 5 min read
Хүүхдийн төлөө мэдээлнэ уриатай Child.mn/Хүүхэд.мн сайт энэ долоо хоногт болсон хүүхэдтэй холбоотой үйл явдлын мэдээллийг тоймлон хүргэж байна.
Даваа гараг /01.13/
Талийгч Шинэсаран охиныг хөнөөсөн этгээдүүдийн шүүх хурлыг нэгдүгээр сарын 22-нд товлов

16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийн процессын тойм мэдээ
Шүүхийн нэр: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар: 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 426 дугаар шүүгчийн захирамж
Процессын тойм: № 01
Огноо: 2026.01.12-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.”
Яллагдагч Ц.Д-г 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,
Яллагдагч Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар, өсвөр насны яллагдагч Х.Э-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Яллагдагч Ц.Д нь 2026 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр шүүхэд “урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлт гаргасны дагуу шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан боловч яллагдагч Ц.Д нь урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “хэргийн материалтай танилцах хүсэлтээ урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт хэмээн андуурч гаргасан байна ... хүсэлтээсээ татгалзаж байна ... хэргийг шүүхэд шилжүүлж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.
Улмаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад тус шүүхийн хуралдааны танхимд хийхээр товыг тогтоож шийдвэрлэсэн байна.
Улсын яллагч, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг шүүхэд шилжүүлэх талаар тайлбар гаргасан бөгөөд хэргийг прокурорт буцаах, түдгэлзүүлэх, харьяалах шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанд оролцуулах гэрч, хохирогч, шинжээчийн талаар хүсэлт, тайлбар гаргаагүй болохыг дурдав.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар гүйцэтгэх ажиллагааны нууц болон уг эрүүгийн хэрэгт насанд хүрээгүй хохирогч, гэрчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулсан ба зарлагдсан шүүх хуралдааныг энэ үндэслэлээр хаалттай явуулахаар шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир
Мягмар гараг /01.14/
Багш нар бүх төрлийн хаалт онгойлгодог тусгай чип зохион бүтээжээ

ДХИС-ийн Цахим зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Баттөрийн санаачилгаар ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш, дэд профессор Ц.Тэнгис, Б.Дорж, Н.Ганхуяг нар хотхон, хорооллын гаднах бүх төрлийн хаалтыг онгойлгодог чипийг зохион бүтээжээ. Эрдэмтэн багш нарын зохион бүтээсэн уг чипийг БЗД-ийн цагдаагийн хэлтсээс дэмжин БЗД-т гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хамгийн их бүртгэгддэг 100 байршилд суулгаж туршихад эерэг үр дүнтэй байжээ. Нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1288 автомат хаалт байдаг аж. Тиймээс тэдний зохион бүтээсэн уг чипийг нийслэлийн 9 дүүргийн бүх хотхон хороололд суурилуулахаар болжээ. Улмаар багш нарыг Нийслэлийн хүндэт тэмдгээр шагнав.
Шинэсаран охины нэрээр жишиг бүхий түр хамгаалах байрыг нэрлэнэ гэв

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар (2026.01.14) Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны харьяа Түр хамгаалах байранд ажиллав. Улсын хэмжээнд гэрч хохирогчийг хамгаалах 23 түр байр, 16 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс ЦЕГ-т 6, эмнэлгийн байгууллагад 4, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 29 байр харьяалагддаг. Түр хамгаалах байрны одоогийн барилга анх Богд хааны ордны нэгээхэн хэсгээр ашиглагдаж байгаад 1954 оноос ясли, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд насжилт, чанар, элэгдэл зэргийг харгалзан галын аюулын эрсдэлтэй, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Иймд 2019 оноос Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр 40 хүн хүлээн авах хүчин чадал бүхий нийт 3683.3 м.кв эдэлбэр газартай барилгын зураг төслийг боловсруулж байжээ. Гэвч 7 жил өнгөрсөн ч гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадаагүй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ үеэр өнгөрсөн 2024 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагалдах зарим журмуудыг боловсронгуй болгоход анхаарч, түр хамгаалах байруудад тулгамдаж буй боловсон хүчний орон тооны асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.
УИХ-ын дарга Н.Учрал уулзалтын төгсгөлд түр хамгаалах байрны энэхүү шинэ барилгын үлдэгдэл санхүүжилтийг яаралтай шийдвэрлэж, 3 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахад хамтарч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн дэд сайдад чиглэл болголоо. Түүнчлэн энэ хаврын чуулганаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барихад бэлтгэхийг салбарын сайдад даалгав.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Баасан гараг /01.17/
Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1995 онд санаачилсан “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”-ийн тогтолцоог бий болгож, сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Тус хуулийн төсөл нь 4 бүлэг 27 зүйлээс бүрдэнэ.
Хуулийн төслөөр сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аюулгүй, орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах ажээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан манай улсын “Эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны үнэлгээ”-нд дурдсанаар, агаар дахь PM 2.5 хэмжээ байх ёстой хэмжээнээс 8 дахин их байна. Манай улсад агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх, судасны өвчлөл болон цус харвалт нь нас баралтын шалтгаанд өндөр хувийг эзэлдэг. Сургуулийн сурагчид хичээлдээ ирж, орчин үедээ дээрх зөвлөмж хэмжээнээс 9 дахин, сургууль дээрээ 3,3 дахин хэтэрсэн PM 2.5 тоосонцорт өртөж байна. 2023 онд нийтэлсэн “Боловсролын орчин дах хүүхдийн эрх, хамгааллын судалгаа – 2023”-т, хөдөөгийн сургуулиудын 76,9 хувь, нийт сургуулиудын 78,9 хувьд нь гадаа тоглоомын болон биеийн тамирын талбайд осол гэмтлээс сэргийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хангалтгүй бөгөөд хотын сургуулийн 15,8 хувь, хөдөөгийн сургуулийн 9,4 хувьд гэрэлтүүлэг хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. НҮБ-ын Хүүхдийн сангаас 2024 онд боловсруулсан “Хүүхдийн орчны эрүүл мэндийн түргэвчилсэн үнэлгээний тайлан”-д дурдсанаар ерөнхий боловсролын сургуулийн 51 хувь нь авто замтай ойр, 79 хувь нь автомашины хурд сааруулагчгүй, 33 хувь нь стандартын шаардлага хангаагүй хашаатай, 77.2 хувь нь эдэлбэр газраа зориулалтаар нь ашигладаггүй, 73.2 хувь нь аюулгүй байдал хангасан биеийн тамирын талбайгүй, 13 хувь хүүхэд унаж, гэмтэх аюултай нүхтэй, 76.9 хувь нь гадна орчинд цахилгааны ил задгай утастай гэсэн судалгааны үр дүн гарчээ.
Одоогийн байдлаар, ази тивийн улс орнуудаас БНХАУ, Япон Улс, БНСУ, Лаос, Непал, Филиппин, Тайланд, Камбож, зэрэг улс орнууд эрүүл мэндийг дэмжигч сургуулийн тогтолцоог өөрийн улс орны онцлогт тулгуурлан бий болгож, эрх зүйн зохицуулалтыг боловсруулж, дагаж мөрдөж байна.
Дүгнэвэл, тус хуулийн төсөл нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Шинжээчдийн хорооны “Сургуулиар дамжуулан эрүүл мэндийг дэмжих” тайланд онцгойлон тэмдэглэсэн “Хүүхэд эрүүл байж, сургалт үр нөлөөтэй байна.” гэх уриалгад тулгуурлаж, хуулийн төслийн зарчим, агуулга эрүүл мэндийг дэмжигч сургуулийн тогтолцоог бий болгож, нийт суралцагчдын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд чиглэжээ.
Хуулийн төслийг дэлгэрэнгүй эндээс уншаарай.
Бямба гараг /01.18/
Боловсролын үндэсний зөвлөлийн хуралдаанаар Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг батлав

П.Наранбаяр сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг батлав. Уг орон тооны бус зөвлөл нь 2023 онд байгуулагдсан. 33 гишүүнтэй бөгөөд энэ удаа 81.8 хувийн ирцтэй хуралдаж, 100 хувийн саналаар “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн төслийг батлахыг дэмжив.
Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахдаа:
-Эх хэл, бичиг, тоо тооллын суурь чадамж төлөвшүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч;
- Бага ангиас англи хэл, компьютер, эрүүл мэндийн судлагдахууныг судлах;
- Сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсролын залгамж холбоо, бага ангиас дунд ангид шилжих шилжилтийг харгалзсан;
- Монголын өв соёл, уламжлал, эх хэл, бичиг, түүхийг сургалтын үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварт тусгасан;
- Сэтгэлийн боловсролд анхаарсан;
- Технологид суурилсан суралцахуйн шилжилтийг тусгаснаараа онцлог гэв.
Ням гараг /01.19/
БНХАУ-д риновирусний халдвар дэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс БНХАУ-д дэгдэж буй риновирусийн халдвараас сэргийлэхийг анхааруулав. Энэ нь шинэ халдвар биш бөгөөд томуу төст, түгээмэл вирус. Нярай, архаг хууч өвчтэй, өндөр настай, дархлаа дарангуйлагдсан хүмүүс халдварт өртөж, уушгины нарийн гуурсуудын үрэвсэл, уушгины хатгаа болж хүндрэх эрсдэлтэй. Вирусний олон дэд хэвшинжтэй учраас вакцин боловсруулахад хүндрэлтэй гэж үздэг байна. Тиймээс амны хаалт зүүх, гараа савандаж угаах нь уг халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэж зөвлөжээ.



Comments