top of page

Налайх дүүрэгт хүүхдээ сонсох чуулган боллоо


ree

Дүүрэгтээ шийдвэр гаргах түвшинд хүүхдийн үзэл бодлыг сонсох, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойг нь хүргэх  оролцоог нэмэгдүүлэх зорилготой  “Nalaihk yout summit 2025” Хүүхдийн X чуулган 2025 оны 4 дүгээр сарын  30-ны өдөр Налайх дүүргийн соёлын ордонд боллоо.

Чуулганы хүндэт зочдоор Налайх дүүргийн засаг дарга Д.Наянбаяр, JCI Central салбар байгууллагын ерөнхийлөгч М.Мөнхжаргал болон JCI Дэлхийн байгууллагын 2024-2025 оны “Senate chairman“ Г.Мөнх-Эрдэнэ нар оролцож хүүхдүүдийн дэвшүүлсэн санаа, хүсэл мөрөөдлийн талаар ярилцаж санал бодлыг нь сонслоо.

Чуулганы үеэр Налайх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн гишүүд:

·  Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа балгас барилгуудыг нураах,

·  Спорт заалны хүрэлцээг нэмэгдүүлэх

·  Сургуулийн ширээ сандлыг сурагчдын нас, биеийн онцлогт тохируулан шинэчлэх

·  Сурагчид чөлөөтэй үйлчлүүлж болох зай талбай сайтай шинэ номын сантай болох

· Хүүхэд ихээр зорчдог зам талбайг шинэчлэх, шаардлагатай гэрэлтүүлэг, гарц тэмдэглэгээг хийх зэрэг асуудлыг хөндөж, томчуудаас шийдэл хүслээ. 

Учир нь тэдэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие даан хөгжих орон зай хэрэгтэй байгаа юм.

Хүүхдүүдээс гаргасан санал, санаачилгыг бодлого тодорхойлох үйл явцад тусгана гэж Налайх дүүргийн засаг дарга Д.Наянбаяр чуулганы үеэр хэлсэн юм.

ree

Чуулганы үеэр хүүхдүүдийн оролцоотой “Үе тэнгийн дээрэлхэлт” сэдэвт панел хэлэлцүүлгийг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн оролцогч Налайх дүүргийн ХГБХХХ-ийн дарга Н.Билгүүн, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Энх-Учрал нар хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн талаарх мэдээллийг олон нийтэд өглөө. Сурагчдыг төлөөлж Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Хонгорзул, JCI Central Youth Club-ийн гишүүд Н.Анужин, Ц.Солонго нар хүүхдийн эрх хаана, хэрхэн зөрчигдөж байгаа талаар ярилаа.  Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид үе тэнгийн дээрэлхэгчийг зогсоохын тулд хамтын хүчин чармайлт, хүндлэл, ойлголцол, тэгш оролцоо чухал гэдэгт санал нэгдсэн юм.


Энэ мэт хүүхдүүдэд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх, олон талт хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр Налайх дүүргийн ХГБХХХ, JCI Central салбар байгууллагуудтай  хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.  Эдгээр байгууллагууд цаашдаа хүүхдийн төлөө түншлэлийн олон ажлуудыг зохион байгуулах юм.  Үүний эхлэл болгож хүүхэд залуусын манлайллыг дэмжин ажилладаг  JCI Central Youth Club  налайх дүүрэгт үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэхээр албан ёсоор нээлтээ хийлээ.  

Чуулганаар Налайх дүүргийн “Хүүхдийн Элч”-ээр А.Тайванбаярыг томилж, батламжийг гардуулсан юм. Тэрээр, "Хүүхдийн эрхийг хамгаалахад манлайлж, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэхэд гүүр болж ажиллана" гэдгээ зарлалаа.

 

Comments


bottom of page