top of page

"Надад туслаарай" шинэ дуу "мэндэллээ"

  • Apr 10
  • 2 min read

Хэзээ нэгэн цагт та энэ дохиог харж байсан уу? Магадгүй Тик ток, инстаграм, фэйсбүүк дээр урсах рийлнээс олж үзсэн үү?

Гарын алгаа дэлгээд эрхий хуруугаа дотогш нугалаад, бусад хуруугаа хааж, гараа зангидах уг хөдөлгөөн нь ямар нэг үг хэлэх шаардлагагүйгээр, цахим ул мөр үлдээхгүйгээр бусдаас тусламж хүсэж буй дохио юм. Хамгийн анх уг дохиог 2020 онд Канадын Эмэгтэйчүүдийн Сангаас олон нийтэд танилцуулсан байна.

Ковид19 цар тахлын үед гэртээ тусгаарлагдах нь халдвараас сэргийлэхэд чухал байсан ч хаалттай хаалганы цаана гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд хүчирхийлэл үйлдэж буй этгээдтэйгээ 24 цаг хамт байгаа учраас бусдаас тусламж гуйх боломжгүй хүндхэн нөхцөлд орсон байна. Тиймээс цахим орчинд ямар нэгэн байдлаар ул мөр үлдээх шаардлагагүй, амаараа хэлэх, ярих, сонсогдох шаардлагагүй байдлаар бусдаас тусламж хүсэх боломжтой дохиог зохиожээ. Ингээд уг дохио нь Тик Ток орчинд асар хурдтай олон нийтэд түгж, өдгөө дэлхий даяар мэддэг тусламж хүссэн дохио болж хувирчээ.

Улмаар уг дохиог дэлхий даяар мэддэг болсноос жилийн дараа сураггүй болсон 16 настай охиныг 61 настай этгээд хулгайлж, машиндаа авч явж байсныг илрүүлжээ. Хулгайлагдсан охин тусламж хүссэн уг дохиог хэрэгтний машинд дотроос зэргэлдээ харагдах жолоочид харуулсан байна. Ингээд тухайн жолооч цагдаад мэдэгдэж, хэрэгтнийг илрүүлж, охин эсэн мэнд гарчээ.

Энэ мэт тусламж хүссэн дохионы ачаар олон олон хүүхэд, эмэгтэйчүүд аюултай, эрсдэлтэй нөхцөл байдлаас амьд мэнд мултарч чадсан байдаг. Тиймээс Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс "Надад туслаарай" хүүхэд хамгааллын нөлөөллийн аян өрнүүлж, уг дохиог хүүхдүүдэд, олон нийтэд таниулах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд тусламж хүссэн дохионы агуулгыг багтаасан "Надад туслаарай" хүүхдийн дуу "мэндэллээ". Тус дууг Нийслэлийн 77 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Б.Үнэнжаргал үг аяыг нь бичжээ.


Нийслэлийн 77 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Б.Үнэнжаргал "Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс санаачлаад "Надад туслаарай" хүүхэд хамгааллын нөлөөллийн аяны хүрээнд бусдаас тусламж хүссэн гарын дохиог олон нийтэд таниулах ажлыг эхлүүлэх саналыг тавьсан. Энэ дагуу би анх удаа хүүхдийн дуу зохиосон. Манай аав Буянжаргал гэж хөгжмийн зохиолч хүн байсан. Хайрласанд минь уучлаарай, Үйтэн хуар зэрэг олон түмэнд хүрсэн дуунуудын аяыг зохиосон хүн байдаг. Мөн хүүхдийн дууны ч цомог гаргаж байсан. Тэгээд л энэ дуугаа бас ааваасаа өвлөсөн мэдрэмжээ шингээгээд хийсэн. Миний хувьд 77 дугаар цэцэрлэгтээ 6 жил, боловсролын салбартаа 9 жил ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Би хэлнэ, Би асууна гээд боловсролын агуулгатай хөөрхөн хүүхдийн дуу олон нийтэд их түгсэн шүү дээ. Тийм болохоор бусдаас чимээгүй байдлаар тусламж гуйх энэ гарын дохиог хүүхдүүд, олон нийтэд таниулахдаа заавал хичээлээр заах биш дуу болгож хүргэвэл илүү хүртээмжтэй санагдсан юм. Миний анх удаа зохиосон хүүхдийн дуу олон бяцхан хүүхдэд, эрсдэлтэй байдалд орсон хэн нэгэнд тус болно гэж найдаж байна" хэмээн ярилаа.

Аяны хүрээнд Баянгол дүүргийн төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн багачууд болон ерөнхий боловсролын сургуулийн нэгээс тав дугаар ангийн сурагчид "Надад туслаарай" дуугаар дамжуулан бусдаас тусламж хүсэх дохиог сурч, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах мэдлэгтэй болно.

Надад туслаарай дуу фонограмм: https://www.youtube.com/watch?v=K77v4zT4YuM

Надад туслаарай дуу үгтэй: https://www.youtube.com/watch?v=p0UD5zf4Haw

Надад туслаарай дуу ноот




Comments


bottom of page