top of page

Наадмын өдрүүдэд хүүхдүүдэд төөрсөн үед холбогдох мэдээлэл бүхий хамгааллын бугуйвч зүүлгэнэ

  • Jul 10
  • 1 min read

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах хүрээнд ХГБХХЕГ-аас орон даяар хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлнэ. Энэ хүрээнд тав хүртэлх насны хүүхдүүдэд хамгааллын бугуйвч зүүлгэж, бугуйвчин дээр асран хамгаалагчийн нэр, холбоо барих утасны дугаарыг бичих юм. Ингэснээр төөрсөн хүүхдийг богино хугацаанд асран хамгаалагчтай нь холбох боломж бүрдэх аж.

Мөн бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулан хүүхэд хөхүүлэх, живх солих хэрэгсэл бүхий асар ажиллуулж, хүүхдүүдэд зориулсан тоглоомын хэсгийг тохижуулжээ. Ингэснээр эцэг эхчүүд түр амарч, хүүхдээ тав тухтай асрах боломжтой юм.

ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэгийн хэлснээр, Баяр наадмын үеэр нийслэл болон аймаг, орон нутгийн наадмуудад хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ ажиллана. Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс болон ХГБХХЕГ хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүх хаалганд хяналт тавьж, төөрсөн хүүхдүүдийг түр хамгааллын байранд авчран асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгнө гэлээ.

Энэхүү хүүхэд хамгааллын үйлчилгээ зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд бус Хүй долоон худаг болон орон нутгийн баяр наадмын талбайд ижил байдлаар хэрэгжинэ.

 

Comments


bottom of page