top of page

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр урагшиллаа

  • 5 days ago
  • 1 min read

Хил Хязгааргүй Сурвалжлагчид Reporters Without Borders (RSF USA) байгууллагаас жил бүр зарладаг Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр Монгол Улс 17 байр урагшилж, дэлхийн 180 орноос 85 дугаарт эрэмбэлэгдлээ. Дундаж оноо өмнөх жилээс 3.22 оноогоор нэмэгдэж, 55.79 болсон байна. Энэхүү үзүүлэлтийг тооцохдоо, улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, нийгэм болон аюулгүй байдлын индикаторуудаар харьцуулдаг бөгөөд энэ дундаас аюулгүй байдлын үзүүлэлт хамгийн огцом өссөн байна.

Өнгөрсөн оны хувьд ҮХЦ-ээс Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарч, салбарынхны дунд илт худал мэдээлэл тараахтай холбоотой энэхүү заалтыг хүчингүй болгох хүлээлт үүсээд байсан нь хэвлэлийн эрх чөлөөний мэдрэмжид эергээр нөлөөлсөн.

Монгол Улсын үзүүлэлт сайжирсан дүнтэй гарсан ч дэлхий нийтээрээ хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт өмнө байгаагүйгээр огцом муудсан тухай тус байгууллага мэдэгдэлдээ дурдсан байна. Тухайлбал, 2025-2026 онд үнэлэгдсэн 180 орны талаас илүү хувь нь “хүнд” эсвэл “маш ноцтой” ангилалд багтаж байгаа нь энэ индексийг 25 жилийн өмнө тооцож эхэлснээс хойших хамгийн тааруу үзүүлэлт болж байна.

Comments


bottom of page