top of page

Дээрэлхэлтийн эсрэг UNI 12000:2025 стандартыг судалж байна

Sep 9
1 min read

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан дээрэлхэлт, цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын UNI 12000:2025 стандартыг судалж байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр Италийн мэргэжлийн сургагч, аудитор Giuliano Velluzzi-ийн удирдан явуулж буй UNI 12000:2025 “Anti-Bullying” тэргүүлэх аудитор бэлтгэх сургалт Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус сургалтад ХГБХХЕГ болон харьяа газар, хэлтсийн 10 албан хаагч хамрагдаж байгаа юм.

Тус сургалтаар хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын тогтолцоог эрсдэлд суурилан үнэлэх, дээрэлхэлт болон цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга үр нөлөөг хянах, үйлчилгээний стандарт, шалгуур үзүүлэлт болон хяналт-шинжилгээний аргачлалыг боловсронгуй болгох ур чадварт суралцаж байна.

Мөн хүүхэдтэй ажилладаг байгууллагуудад мэргэжлийн зөвлөмж, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байгаа аж.

Сургалтад хамрагдагсад UNI 12000:2025 стандартын шалгалтад тэнцсэнээр хүүхдийн хөгжил, оролцооны сургалтын байгууллагын үйл ажиллагаанд дээрх чиглэлээр хяналт, үнэлгээ хийх олон улсын эрхтэй болох юм.

Түүнчлэн дээрх олон улсын стандартыг судалж, хүүхэд хамгааллын тогтолцоонд нэвтрүүлэх боломжийг судалж байгаа ажээ.

 

Comments


bottom of page