Дэлхийн сансрын долоо хоног ирэх сарын дөрөвнөөс эхэлнэ

Дэлхийн сансрын долоо хоногийг энэ жил “Rocket Revolution” буюу “Пуужингийн хувьсгал” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Тус арга хэмжээ Улаанбаатар хотод аравдугаар сарын дөрөвнөөс 10-ны өдрүүдэд долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүр 10-20 цагийн хооронд зохион байгуулагдана.
Энэ жилийн хөтөлбөрт 10 гаруй байгууллага оролцож, 30 орчим төрлийн воркшоп, хоёр цаг тутамд тайзны хөтөлбөр, тэмцээн уралдаан болон тусгай эвентүүдийг зохион байгуулах юм. Нэг удаагийн хөтөлбөрт 350-450 орчим хүн хамрагдах боломжтой аж.
Мөн хүүхэд бүр сансар, пуужингийн талаар сонирхон судлахын зэрэгцээ өөрийн гараар пуужин бүтээж, туршиж үзэх боломжтой байхаар зургаан төрлийн 20 мянга гаруй пуужингийн иж бүрдлийг урьдчилан бэлтгэжээ.
Дэлхийн сансрын долоо хоногийг Улаанбаатар хотоос гадна Монгол Улсын 21 аймагт гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд орон нутгийн байгууллага, иргэдийн идэвх, оролцоо, боломжид тулгуурлан хэрэгжүүлж байгаа аж.
Энэ жилийн арга хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага талбайд зохион байгуулагдах хэдий ч хөтөлбөрийн агуулга, чанарыг улам сайжруулсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Гэр бүл, найз нөхдөөрөө оролцох хүсэлтэй иргэд онлайн тасалбараа https://pick.mn/events/wsw хаягаар авах боломжтой.
Харин анги, хамт олноороо ирэх бол заавал урьдчилж өдөр, цагаа Дүдүгийн 75099966, 88000936 дугаарт холбогдож, эсвэл www.wsw.dudu.mn-ээр баталгаажуулахv юм.



Comments