top of page

Д.Мөнхтөр: Энэ асуудал сургуулийн орчинд биш учраас цагдаад хандахыг ар гэрт нь зөвлөсөн


СУИС-ийн харьяа Бадмаараг ахлах сургуулийн сурагч манай редакцад хандаж, багшийнх нь нөхөр хүчирхийлэхийг завдсан гэх агуулгаар мэдээлэл өгсөн билээ. Энэ талаар бид тус сургуулийн захирал Д.Мөнхтөрөөс тодрууллаа.

Танай сургуулийн сурагчтай холбоотойгоор багшийнх нь нөхөр хүчирхийлэл үйлдэхийг завдсан гэх мэдээлэл манай редакцад ирээд байна. Сургуулийн зүгээс уг асуудлыг мэдэж байгаа юу? Ажиллаж байгаа юу?

За энэ гомдлын асуудал бол дөрөвдүгээр сард над дээр орж ирсэн. Тэгээд бид нар хүүхэд хамгааллын багаараа хэлэлцээд энэ асуудлыг яах ёстой вэ гэхээр шууд энэ бол сургуулийн орчинд биш учраас бид нар хүүхэд хамгааллын багаараа хэлэлцээд цагдаагийн байгууллагад хандах нь зөв өө гэсэн зөвлөмжийг өгөөд ар гэрийг нь дуудаж уулзсан.


Мөн тухайн хүүхдийг сэтгэл зүйчтэй уулзуулсан. Ингээд бид нар хүүхэд хамгааллын баг яаж ажиллах ёстой тэр журмынхаа дагуу л ажилласан. Тус хүүхдийн хувьд "Миний хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас багш аа ингээд би хүн амьтанд мэдэгдмээргүй байна аа" гэсэн гэж нэлээн цаг хугацаа алдаад тэгээд над дээр бол хамгийн сүүлд мэдэгдсэн. Тэгээд би шууд арга хэмжээг тэр дор нь аваад манай сургуулийн хамтарсан багаараа хэлэлцээд тэгээд цагдаад өгөхийг зөвлөсөн.


Энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад мэдэгдүүлээд, 108 төвд утасдаж мэдээлэл хүргээд, Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтэст мэдээлээд, СУИС-ийн Ёс зүйн хороогоор хэлэлцүүлсэн. Одоо мөн бас хүүхэд энэ гомдлоо ХЭҮК-д хандсан байгаа юм байна лээ. Би бол энэ олон газруудын шийдвэрүүдийг нэгтгэж үзэж байж, ямар нэг тушаал шийдвэр гаргахаар байна.


Өчигдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн ГБХХХХ-ээс хүүхдийн байцаагч томилогдсон. Манай хүүхдүүдтэй уулзаж байгаа. Сургууль дээр хүүхдүүдтэй уулзах, зохион байгуулах, мэдээлэл авах бололцоогоор хангаж өгөөрэй гэсэн. Ямар хүүхдүүдийг дуудаж мэдээлэл авахыг мэдэхгүй байна.


Уг асуудлаар Child.mn үргэлжлүүлэн сурвалжлах болно.



Comments


bottom of page