Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүний салах өргөдлийг шуурхай шийдэх санал гаргасан ч дэмжигдээгүй байна
- child.mn
- 1 day ago
- 1 min read

Нийтийн өргөдлийн цахим систем болох petition.parliament.mn сайтад Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй салах өргөдлийг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулахгүй шууд шүүхээр шийдвэрлэдэг болох саналыг Галбадрахын Чингүнжав 2025 оны 10 дугаар сарын 24-нд гаргажээ. 100,000 хүний цахим гарын үсэг цуглуулахаас 4148 хүний санал өгч, санал авах хугацаа нь 11 дүгээр сарын 25 буюу өнөөдрөөр дууссан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн олон удаа цагдаад хандаж, түр хамгаалах байранд очсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж гэр бүл салах хүсэлтийг нь шуурхай шийдвэрлэхгүй бол хүчирхийлэлд өртөж буй эмэгтэй амь насаа хүртэл алдах эрсдэлтэй байдгийг өнгөрсөн хугацаанд гарсан олон эмгэнэлт хэргүүдээс харж болохоор байна.
Тиймээс энэ мэт хүний амь настай холбоотой чухал асуудалд анхаарлаа хандуулах нь гэр бүлийн хүчирхийллийг утасны цаанаас хэний буруу, зөв гэж шүүж, шүүмжилж бичихээс илүү нэн хэрэгцээтэй байгаа юм.