top of page

Тойм:Гэр бүл, хүүхдийн шүүгчид тангараг өргөж, нийслэл дэх камеруудыг нэмэгдүүлнэ гэв

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн хүүхэдтэй холбоотой онцлох үйл явдлын мэдээллийг тоймлон хүргэж байна.

1-р сарын 5 - Даваа

Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид тангараг өргөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 193 дугаар зарлигаар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр томилогдсон Пүрэвсүрэнгийн Тулга, Баттөмөрийн Болормаа, Ганбаатарын Баттуяа нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд 2026 оны нэгдүгээр сарын тавны өдөр “Шүүгчийн тангараг” өргөлөө. 

1-р сарын 6 - Мягмар

Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байна

Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж буйтай холбогдуулан дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг хуралдлаа. Улаанбурхан өвчний 24 цагт бүртгэгдэх тохиолдлын тоо өсөж, томуугийн өвчлөлтэй давхцан тархаж байгаа нь товлолын вакцинд хараахан хамрагдаагүй бага насны хүүхдүүд халдвар авч, хүндрэх, улмаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Үүнтэй холбогдуулан:

  1. Товлолт вакцины нас болоогүй 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах;

  2. 9 сартай болон 2 настай хүүхдүүдийг товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хүргүүллээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэхтэй холбогдуулан халдварын тархалт өндөр байгаа 10-14 насны хүүхдүүдийг улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах бэлтгэлийг хангахаар болжээ.

1-р сарын 7 - Лхагва

Бэлгийн хүчирхийлэгчийн зургийг ил тод мэдээлдэг болно гэх хуурамч мэдээлэл тархжээ

Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгчийн нэр зургийг нээлттэй байршуулах талаар албан ёсны шийдвэр гараагүй, ийм агуулгаар сүүлийн үед НЦУГ-ын дарга, хурандаа Г.Арсланхуяг мэдээлээгүй байна. Дэлгэрэнгүйг эндээс...

1-р сарын 8 - Пүрэв

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 12-р ангийн хүүхдийн гуянд танихгүй хүүхэд хутгалсан гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хэргийг тодруулахад, 12-р ангийн хүүхэд гэртээ харих замд өсвөр насны хүүхэд биеийн доод хэсэгт хутгалаад, зугтаасныг Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн шалгаж байна.

Гэр хорооллын "хар цэг"-үүдийг камержуулна

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хулгай, дээрэм, зөрчлийн гэмт хэргийг бууруулах хүрээнд аж ахуй нэгжүүдийн гадаах камерыг ЦЕГ-ын удирдлагын төвд холбож байна. Түүнчлэн гэр хорооллын гэмт хэрэг, зөрчил их бүртгэгддэг “хар цэг”-үүд буюу байршлуудыг камержуулах ажлыг 2026 онд хийхээр төлөвлөж, төсөвт тусгажээ.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн тоог бууруулахын тулд есөн дүүрэг хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ. 2026 онд нэгдүгээрт зам тээврийн ослын тоог 15%-50% бууруулна. Хоёрдугаарт хулгай, зодоон цохио буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг 15%-иар бууруулна. Гуравдугаарт “хар цэг”-үүдийг тодорхой болгож камержуулна. Тухайлбал, СХД-ийн аль гудамжинд гэмт хэрэг гардаг, аль сургуулийн аль харанхуй хэсэг, гудамжинд хүүхдүүдийг зодож, дээрэмдэж байна тэр газруудыг тодорхой болгож камержуулна” гэв.

Гэр хорооллын “хар цэг”-үүдийг камержуулах зардлыг дүүргийн Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шийдвэрлэх аж.

1-р сарын 9 - Баасан

Хэмнэлтийн тухай хууль хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчиж байна хэмээн ҮХЦ-д ханджээ

Иргэн А. Амартүвшин Үндсэн хуулийн цэцэд хүүхдийн сурч боловсрох эрх, Хэмнэлтийн тухай хуулийн заалтаар зөрчигдөж байна хэмээн ханджээ. Тодруулбал сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерийн гэрээгээ 5 дугаар сарын 31-ны дотор хийгээгүй бол Хэмнэлтийн тухай хуулиар төсвийг эргүүлэн татдагийг хүүхдийн сурч боловсрох эрхэнд халдаж байна хэмээн хандсан байна. Харин энэхүү гомдлын хариуг 2026 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхэд халдаагүй хэмээн шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Amartuvshin Amgalanbayar фэйсбүүк хаяг


НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулж, долоо хоногт гурван өдөр сурагчдад сүү өгнө. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар, НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан “Витафит Милк” ХХК-ийн сүүний үйлдвэртэй танилцаж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлээс 2024 оноос “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ жил хөтөлбөрт хамрагдах сурагчдын тоог нэмэгдүүлж байна. Сүү тогтмол өгч байсан сургуулиудын хүүхэд, эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулахад Д амин дэм, кальциар баялаг сүүг ууснаар хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд, дархлаа сайжирч, ясны сийрэгжилт буурсан үр дүнтэй байгаа. “Витафит Милк” компанийн сүүний үйлдвэрт тулгамдсан асуудал болох шугам сүлжээг өргөтгөж өгнө. Үйлдвэрийн урдуур тавих замын асуудлыг шийднэ. Тухайн орчимд ТЭСО группийн үйлдвэр бас байдаг. Тиймээс хоёр томоохон үйлдвэрт тулгамдаж буй зам, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Хотод татвар төвлөрүүлж буй үйлдвэрлэгчдээ дэмжинэ. ААН-үүд эрсдэл үүрч шинэ технологи бүхий үйлдвэрүүд нээж байгаа нь сайшаалтай. Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний дөрвөн ч үйлдвэр энэ жил үйлдвэртээ өргөтгөл, шинэчлэл хийж байна. НЗДТГ-аас дэмжиж, НЕБ-ын сургуулийн хүүхдүүдэд долоо хоногт 3 удаа сүү өгснөөр үндэсний сүүний үйлдвэрлэгчдээс баталгаатай, чанартай сүүг нийлүүлэх боломж бүрдэнэ. “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн нээлтийг нэгдүгээр сарын 26-нд хийхээр төлөвлөж байна” гэлээ.

“Витафит Милк” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан “Нийслэлээс үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа сүүний үйлдвэрүүдийг дэмжиж ажиллаж байгаад талархаж байна. Манай компани үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх урьдчилан цэвэрлэх байгууламжтай болохоор бэлтгэл базааж байна. Ажлыг ирэх хавраас эхлүүлнэ” гэв. НЗДТГ-аас нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол өгч ирсэн. Сүү хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгаж, улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдэд долоо хоногт 3 удаа сүү өгөх юм.


Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Comments


bottom of page