Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 430 хүүхэд хагас дээвэртэй, салхи сийгсэн байшинд хичээллэж байна
- Sep 3
- 2 min read

2025 оны дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд хүчтэй шороон шуурга болж, 250 гаруй айлын хашаа нурж, 17 байшингийн дээвэр хууларсан. Энэ дунд тус сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгын дээвэр мөн салхинд хийсэн, хууларсан байна. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл таван сарын хугацаанд төсөв байхгүй гэх шалтгаанаар тухайн сургуулийн дээврийг засаж, янзлаагүй өдийг хүрчээ. Энэ талаар сургуулийн захирал болон сургуулийн удирдлагаас тодрууллаа.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 4-р сургуулийн захирал Ч.Сэндэрмаа "Манай суманд ерөнхий боловсролын нэг л сургууль бий. 320 хүүхдийн хүчин чадалтай барилга. Гэхдээ 430 орчим хүүхэд суралцдаг. Өнгөрсөн 4-р сард болсон байгалийн гамшгийн улмаас сургуулийн дээвэр хууларсан. Манайх А,Б бүлэгтэй буюу 21 бүлгийн хүүхдүүд 2 ээлжээр хичээллэдэг. Нийт 11 ангитай. Үүнээс 6 ангийн дээвэр салхинд хууларсан. Үлдсэн ангиуддаа одоо хүүхдүүдээ хуваагаад танхимаар хичээллэж байгаа. Бид сургуулийн дээврээ засуулахаар сум, аймаг, Боловсролын яам, Улсын Онцгой комисст бүгдэд нь хандсан. Яамнаас төсөв тодотгоогүй учир мөнгөгүй учраас УОК-д ханд, УОК аймаг орон нутагтаа ханд гэсэн хариу өгсөн. Одоо орон нутгаас л нааштай шийдэж өгөхийг хүлээж байна. 4-р сараас хойш анх сургуулийн дээврийг засах зардал 137 сая төгрөг гэж гамшгийн дараах тооцоо хийж өгсөн. Гэхдээ 4-р сараас хойш зун манай нутагт хур бороо ихтэй байсан. Дээвэргүй анги танхимуудын паркетан шал нь усанд норж пөмбийгөөд, засах зардал одоо 137 сая төгрөгөөс ч илүү орохоор байна. Ямартай ч хүүхдүүд тал дээвэргүй ч гэсэн сургуулийнхаа дээвэртэй хэсэгт нь хичээллэж байгаа" гэлээ.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Ц.Нямдаваа "Сумын сургуулийн дээврийг засах ажил санхүүжилтгүй гацсан байна. Хавраас хойш л санхүүжилтийг нь шийдүүлэх гээд хөөцөлдөж байгаа.
Сургуулийн барилгыг засах зардлыг улсын нөөцөөс гаргах шийдвэр УИХ-ын даргын хүсэлтээр явуулсан. Сангийн яаманд дээр очоод буцаагдсан. Аймгийн Засаг даргын бэлтгэл нөөц хөрөнгөөс шийдэх боломжтой асуудал юм байна. Аймаг ажилтнуудын урамшуулал 2, 3 тэрбум төгрөгөөр гаргах боломжтой байдаг юм байна гээд буцаагдсан. Харин аймгийн засаг даргад болохоор төсвийн тодотгол орж ирэхгүй байгаа учраас УОК-руу уг асуудлыг явуулсан. УОК-н хурлаар нь сургуулийн асуудлыг оруулж чадаагүй л байна. Энэ долоо хоногт болох хурлаар нь хэлэлцэх болов уу гэсэн хүлээлттэй л байна. Анх сургуулийн дээврийг 137 сая төгрөгөөр засварлах юм байна гэсэн тооцоо гаргасан ч одоо бол зунжин орсон бороо, элэгдэл хоргодол гээд 350 сая төгрөгөөр засварлах шаардлагатай болсон. Тэгээд их дүнгээр нь боломжгүй бол бүр анхны дүнгээр нь ч хамаагүй зардлыг нь шийдүүлчихвэл гэсэн хүлээлттэй л байна. Одоо 9-р сарын 11-нд сумын хурлаар төсвөө тодотгоно. Боломжтой хэмжээгээр бас сургуулийн засварт төсөв хуваарилахаар төлөвлөж байгаа." хэмээн мэдээлэл өглөө.



Comments