top of page

Бэрхшээл бус боловсрол хүнийг тодорхойлно

Updated: 2 days ago


Тавдугаар сарын 28-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан "Миний дуу хоолой-Бидний эрх" хоёрдугаар форум болох гэж байна. Уг үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тухтай, итгэж болохуйц орчинд өөрсдийн сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцах, мөн тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар судалгаатай мэдээллийг олон нийтэд танилцуулах чухал ач холбогдолтой билээ.

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 12 мянга орчим хүүхэд байгаа. Эдгээр хүүхдүүдийн долоон мянга гаруй нь ерөнхий боловсролын сургууль болон бусад сургалт хөтөлбөрт хамрагдаж боловсрол эзэмшиж байгаа нь боловсролын тэгш хүртээмж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хангалттай биш байгааг илтгэж байна. Хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан хүүхдэд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх үүргийг боловсролын байгууллагууд хүлээсэн. Тэгвэл тэдэнд хэрэг болохуйц зөвлөмжүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн хийсэн үнэлгээ, судалгаандаа тулгуурлан боловсруулсан байна. Мөн нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцохыг хүсдэг ч орчны ээлгүй нөхцөлөөс шалтгаалж гэртээ үлддэг. Энэ мэт өөрт тулгарч байгаа асуудлаа олон нийтэд хүргэхээр "Миний дуу хоолой-Бидний эрх" хоёрдугаар форумд хүүхдүүд оролцож байна.

Өнгөрсөн онд болсон анхдугаар чуулганы үеэр хүүхдүүд өөрсдөд тулгамдаж буй асуудлын талаар танилцуулахад бодитой судалгаагүй байсан бол энэ жил сургуулийнхаа гадаад, дотоод орчны хүртээмжтэй байдлыг өөрсдийн биеэр үнэлж, судалснаа танилцуулахаар бэлдэж байна.


Чуулганы үеэр үйл ажиллагаа, үр дүнгээ тайлагнах дөрвөн клубийн нэг "Оргил өөд" клубийн гишүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.

"Оргил өөд" клубийн гишүүн Н.Бүрэнзаяа: Энэ хаврын бидний хийсэн хамгийн том ажил бол орчны үнэлгээг гурван түвшинд хийсэн нь байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхэд үнэлгээний ажилд оролцсон. Асуумж боловсруулах, тайлан гаргахад төрийн бус байгууллагын сайн дурын ажилтан ах эгч нар тусалсанд баярлаж байна. Бидний хийсэн үнэлгээгээр сургуулийн гаднах орчин жаахан хэцүү байсан. Жишээ нь тэргэнцэртэй хүүхэд давж чадахааргүй довжоо, замын хашлага хэцүү байсан. Зарим явган хүний зам нь үнэхээр нарийхан. Таягтай хүүхдүүд явахад тээглэх бартаа бас их байсан. Харин сургууль дотор бол харьцангуй аюул багатай ч зарим хаалганы өргөн стандартаас нарийхан байсан. Энэ бүгдийгээ чуулганы үеэр танилцуулахаар ханын самбар хийж байгаа. 

"Оргил өөд" клубийн гишүүн Ж.Содхүү: Энэ жил анх удаагаа чуулганд оролцож байна. Өмнө нь олон нийтийн ажилд идэвхтэй оролцож үзээгүй учраас догдолж байна. Оргил өөд клубийн гишүүн болсноор олон найзуудтай болсон. Мөн бусдад өөрийгөө зөвөөр илэрхийлэх, юу хүсэж мэдэрч байгаагаа ойлгуулж сурсан. Чуулганд үеийн найзуудаа төлөөлж илтгэл тавина. Илтгэлээрээ дамжуулан үе тэнгийн дээрэлхэгчийг байхгүй болгоход бид юу хийж чадах уу, нэгнээ хүндэлж харьцах соёлд бусдыгаа уриалахыг хүсэж байна.  Чуулганд ирж миний илтгэлийг сонсоорой.

Comments


bottom of page